Дуртай амьтан
Таны дуртай амьтан юу вэ?
Минийх панда. Ёстой янзын золиг. Анх урд явж байхдаа амьтны хүрээлэнд хараад шууд дурласан. Байж байгаа нь бүр нэг эгдүүтэй. Иднэ, ууна, тоглоно, унтна. Өөр юу ч хийхгүй.
Уг нь баавгайн нэг төрөл болохоор эрч хүч, сүр жавхлан, хийморь гээд мундаг чанарууд баймаар. Даанч харсан хүний хайрыг татахаас өөр ямар ч авъяасгүй. Хэтэрхий царайлаг болохоор Хятад гадаад бодлогодоо ашиглаад найрамдлын элч болгон түрээсээр гадны амьтны хүрээлэнд өгдөг.
Дарвин-ы онол байдагдаа. Амьтад тухайн газартаа зохицож хувьсдаг гэдэг. Панда бараг ганцаараа тэрийг зөрөөд давхиж яваа.
Анх баавгай ямар өнгөтэй байсныг бол мэдэхгүй. Гэхдээ хойд мөсөн далай явсан нь цасанд нуугдаж ан гөрөө хийх гээд цагаан өнгөтэй болсон гэх. Хар, хүрэн баавгай ойд ороод модны өнгө дагаад бараан болсон гэх.
Гэтэл панда. Нов ногоон өнгөтэй хулсан ойд орчихоод ногоон бололгүй алаг болчиж нтр. Яаж байгаан тэ. Тэгээд бүр хамгийн хөөрхөн байхаар алаг болж нтр. Төсөөлөөд үздээ. Хэрвээ панданы чих нь цагаан байсан бол, нүд нь цагаан байсан бол. Үнэн бүтэлгүй нөхөр харагдах байсандаа. Юун тэр найрамдлын элч мэлч.
Бүр нэг хайр хүрээд байдаг болохоор панданы тухай мэдээ, судалгааны ажил хааяа уншдаг юм.
Панданы талаар сонирхолтой баримтууд.
1. Панда уг нь махчин.
Эрдэмтэд дотор эрхтэнд нь задлан шинжилгээ хийтэл нарийн гэдэс нь богинохон, ходоод нь үхрийх шиг 4 биш ганц байдгийг нь мэдэж. Махчин ходоодтой юм байж яагаад хулс иддэг байна гээд генийг нь судалсан чинь ходоод нь угаасаа ногоо шингээх хүчил ялгаруулж чаддаггүйг тогтоожээ.
Тэгсэн мөртлөө мах иддэггүй болохоор амин дэмийн дутагдалд орохгүйн тулд өдрийн 16 цагийг хулс хайж, идэж өнгөрөөдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Бүр нэг төгс веган байгаа биз. Магадгүй энэ ертөнцийн анхны цагаан хоолтон байх. Аягүй бол үлдсэн 8 цагийг хулс бодож эсвэл зүүдэлж өнгөрөөдөг.
Эм панда 70–100кг жинтэй мөртлөө өдөрт 12–36кг хулс иддэг. Веган ч гэсэн тарган байхаас өөр аргагүй юм даа зайлуул.
2. Панда үнэн царай хардаг.
Бүгдээрээ адилхан алаг байж царай хараад үржилд ордоггүй гэж байгаан. Адилхан хар цагаан байж юуг нь хардаг байна гэж бодмоор.
Токиод байдаг Үэно амьтны хүрээлэнд хос панда байдаг. Эрийг нь РиРи, эмийг нь Шиншин. Манай хоёр тавын таван жил нэг гэрт амьдарчаад сая нэг охинтой болсон. Нэр нь Шаншан. Олон жилийн дараа төрсөн нялх юм байгаан гээд айлын хэнз охин шиг эрх танхил өсч байгаа. Токиогийнхон бүгдээрээ шуураад очер нь дийлдэхгүй. Би үзэж амжаагүй л явна. Даахь үргээхэд нь очиж ерөөл хэлнэдээ.
Гэхдээ тэ. Нэг гэрт хоёулахнаа 5 жил амьдарчаад тоож бавахгүй байна гэдэг бас л овоо өндөр шалгуур байгаам шүү. Бодвол ар гэр, аав ээж, удам судрыг нь хардаг байлгүй базарваань.
Бас бор панда гэж байдаг. Дэлхий дээр ганц үлдсэн. Хар панда нар царай муутай гээд тоож тоглохгүй дээрэлхээд байдаг болохоор тусад нь асардаг. Нэг алаг пандаг найрч байгаад эхнэр болгоод өгөх юмсан.
3. Панда жирэмсэн болж жүжиглэдэг.
Ер нь эм панда эрийгээ бодвол их эрх. Болж өгвөл эрхлээд тоглоод гоё хоол идээд байж байх сонирхолтой. Зарим охидууд шиг.
Эм панда хааяа хоолоо идэхгүй, хөдлөхгүй, өдөржин хэвтээд бие нь тавгүй байгаа юм шиг аашилдаг. Энэ нь жирэмсэн пандад илэрдэг шинж тэмдэгтэй адил. Тэгэнгүүт асрагчид нь шууд жирэмсний хяналтад оруулаад идээний дээдийг өгч, олон нийтэд харуулахгүй тусгай өрөөнд оруулж амраадаг гэж байгаан. Жирэмсэн үгүйг нь тодорхойлхын тулд 2, 3 сар шаардлагатай болохоор мань хүн хэсэгтээ л далайн эрэг дээр байгаа юм шиг жаргана. Гэтэл 3 сарын дараа жирэмсэн биш гэдэг нь тогтоогдохоор нөгөө панда маань юу ч болоогүй юм шиг цоглог болдог. Бас л молиго үмхүүлж чадаж байгаам шүү.
Үүний шалтгааныг одоо хүртэл олоогүй байгаа. Би гэхдээ “панданий эморол” гэж нэр өгмөөр байгаам. Эсвэл “Бие муу байна, торт авчраарай” үе гэе.
4. Панда улаан номноос гарсан.
Ёстой л нэг царайны сайхнаар цай сүлж байгаа амьтан шүү дээ. Панда байгалаараа байсан бол өдийд хэдхэн тоо толгой үлдэх байсан биз. Хятадын засгийн газар “Ийм сайхан амьтныг хайрлахгүй байхын аргагүй ээ” гээд 1987 онд Сичуан мужид Панда үржүүлгийн хүрээлэн гэж нээгээд өнөөг хүртэл амжилттайгаар хамгаалж, тоо толгойг нь өсгөж байгаа. 2008 онд тус мужид болсон газар хөдлөлтөөр ямар их санаа зовсон гээч. За тэр ч яахав. Дахиж хүн төрлийг олдог юм бол Сичуанд хужаа болж төрнө өө. Тэгээд энэ хүрээлэнд ажилд орно.
5. Яагаад Giant Panda?
Хулсны баавгайг Giant Panda гэдэг. Юутай харьцуулаад том гэж? Эрдэмтэд анх хулсны баавгайг биш Red Panda-г олсон гэсэн. Бас нэг янзын өхөөрдөм амьтан. Уурлахаараа 2 гараа өргөөд хойд хөл дээрээ зогсдог улаан хүрэн өнгөтэй. Миний 2 дох дуртай амьтан. Түүний талаар дараа бичье. Red Panda шиг хөөрхөн, гэхдээ аварга болохоор нь ийм нэр өгсөн гэсэн.
6. Панда 6 хуруутай.
Ихэнх амьтдын мөч 5 хуруутай байдаг бол панданы гар 6 хуруутай. Юм атгах үед хүний эрхий хуруу шиг үүрэг гүйцэтгэнэ. Хулснаас өөр юм бараг атгадаггүй болохоор цагийн эрхээр богиносоод жижиг болчихсон.
Эсвэл эрт үед 7 дахь нарыг харвах гээд онолгүй тайрсан байх.
“Эрх панда би тэнгэрт байгаа 7 нарыг харваж үл чадваас эрхий хуруугаа тасдаад ногоон ойд орж улаан мах дахиж идэхгүй” гэж ам гарсан байх. Бүр яааг тэгсэн байх.
За ямартай ч хооллож байгаа бичлэг үзвэл 6 дахь хуруу их тод харагдана.

Эцэст нь энэ зурагны пандаг Юихин гэдэг. Охин. Японы Вакаяма мужийн Adventure World амьтны хүрээлэнд байдаг. Төрөлхийн ийм өрөвгөр үстэй. Бүр нэг яаядаа гэсэн царайтай байгаа биз. Сая 8 сард ажлаар Вакаяма орохдоо уулзаж амжаагүй. Гартаа улаан сарнай биш ногоон хулс бариад дараа заавал очно оо.
Гэхдээ бурхан дараа төрөлдөө панданы хүрээлэнгийн ажилтан болох уу? панда болох уу? гэвэл нэлээн эргэлзэнэ ээ.
Пандад нугасгүй үргэлж таны Лука.