Нутагтаа ирээд сар болсон тэмдэглэл.

Luka Ganzorig
4 min readApr 15, 2022

--

Уулзсан, танилцсан, Японд үлдсэн найзууд “Монгол ямар байна?” гэж олон удаа асууж байгаа болохоор шинээрээ байгаа мэдрэмжээ хуваалцахаар энэ тэмдэглэлээ хүргэж байна.

Сүүлийн 6 жилд 3 удаа зуны цагт хэдхэн хоног ирээд буцсан болохоор олон зүйл өөрчлөгдсөнийг анзаараагүй явжээ. Ажиглах зорилгоор хотын төвөөр гүйсэн 6 чиглэлээ хавсаргая.

Гүйсэн зам, урт

Энэ хавиар цагдаа, тагнуул зэрэг хууль хүчний байгууллагын барилгууд томорч, олширсон байна. Хангалттай хүртээмжтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бүр түлэнхийн төв шинээр барих гэж 10 илүү жил болж байхад сонин санагдав. Хууль хүчний байгууллагын байр сав тэгтлээ хүрэлцээгүй байгаа юм болов уу даа.

Гоё ганган шилэн оффис, царайлаг өндөр орон сууцтай болсон ч явган зам, өнгө үзэмжийн хоршлыг үл тоож, ногоон байгууламж, нийтийн эзэмшил талбайгаас хумсалсан нь хотыг замбараагүй, ойлгомжгүй болгож таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Өндөр хашаа, автомашины зогсоол хамгийн ихээр нэмэгдсэн байна. Болж өгвөл явган, дугуйтай, скүүтэртэй, хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй, таягтай иргэдийг шахаж хавчиж, холуур тойруулах зорилготой гэмээр.

Явган замын стандарт түй ч алга. Уг нь хямд өртөгтэй, хүйтэн улиралд ч барьж болдог энгийн технологи учраас хотын өнгө үзэмж, ая тухтай байдлыг хангах хамгийн хялбар шийдэл. Гэвч машин замаас олон нүх, саад, бартаатай. Заримдаа дундаа тасраад алга болно, хашаанд тулна, нарийсаад хүн зөрөхийн аргагүй болж байгаа нь гүйх бүү хэл алхахад ч бэрх байгааг зургаас харна уу.

/Зүүн талаас/ Eco хавтан алхахад таагүй учраас хүмүүс ус зайлуулах шуудуун дээгүүр алхаж (1), явган зам гэнэт самбар мөргөж (2), зогсоолын гарц, шат гэх мэт саад ихтэй (3). Машин түр зогсоохын тулд явган замыг нарийсгаж байна (4). Бэлэн зай байсаар байтал талаас илүүг шороон чигээр нь үлдээжээ (5).
/Зүүн талаас/ Хүчний байгууллага явган замыг зогсоол болгоод хүмүүс энэ нарийхан замаар мод мөргөж алхана (1). Явган гарцны будаг хууларсан, цаана нь нөгөө зогсоол (2). Явган зам нь далий, шон мөргөдөг, шат нь тэрэгтэй хүнд зориулсан налуулгагүй (3). Мөн л явган замыг зогсоолоор солисон (4). Хүн зөрөх боломжгүй өргөнтэй (5).

Замын түгжрээ дуус дуус. Даваа, Баасанд бол машин унахын арга алга. Гэсэн ч гүзээгээ хайрлаад байдаг юм уу бүгдээрээ гүрийгээд машинаар явна. Нийтийн тээвэртээ шаардлага тавимаар юм.

2 жилийн өмнө хотын утаа алга болчихлоо гээд хөөрөлдөөд байсан шал худлаа. Эсвэл манайхан утаандаа бүр дасчхаж. Өглөө оройдоо манантаад суунаглаад ирнэ. Хүйтэрвэл бүр ихсэх биз. Дээр нь машины утаанд хоолой хорсоод гүйхийн аргагүй.

Эерэг өөрчлөлтүүд

Үйлчилгээний соёл илт сайжирчээ. Хоол хүнсний сонголт ч их болж. Мөнгө нь байвал хүссэн зүйлээ авч болж байна. Үнийн хувьд албан ёсны борлуулагч биш бол үйлдвэрлэсэн улсын үнээс дунджаар +40% илүү төлөхөөр байна. Дэлгүүрт байхгүй бол Stora-гаар дэлхийн хаанаас ч захиалаад хэд хоногт хүргүүлчихэж байна.

Төлбөр тооцоо, үйлчилгээний цахимжилт Японоос хамаагүй илүү байгаа нь сайшаалтай. Нэг сарын хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсангүй.

Залуу үе ганган, идэвхтэй, ургалч, бүтээлч болжээ. Кофе уунгаа ном уншдаг болсон байна. Зөвхөн дотоод гэлтгүй гадаадын нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаа нь бахархууштай. Монголын тэгш бус, хүртээмжгүй байдал, давхар стандартын эсрэг дуу хоолойгоо өргөж, оролцоогоо нэмчихвэл манай үеийг бараг яллаа.

Ажлын байрны боломжийн хувьд мэдлэг, чадвар, хариуцлагатай, багийн ажилд сайн бол хангалттай цалин аваад дуртай ажлаа хийх боломж нээлттэй байна. Зөв хандлагатай байхад мэдэхгүй чадахгүй байсан ч сургаад авах газар маш олон байна. Даанч манайхны эрх бардам зан дэндээд байх шиг.

Засаглалын хувьд гол асуудал байсан мэдээллийн хаалттай, оролцох боломжгүй байдал сайжирч, эсрэгээрээ “Иргэдийн идэвхтэй оролцоо”-гоор дутаж байх шиг.

Засгийн газрын хувьд ОТ гэрээ, цахимжилт, зарим салбарт чадвартай хүнийг нь томилох зэрэг сайн зүйл харагдаж байгаа ч байгууллага хоорондын уялдаагүй шийдвэр, даргад үйлчилдэггүй дүрэм журам зэрэг социалист үеийн сөрөг өв байсаар байна. #doublestandard -ыг эсэргүүцсэн зарим хүнийг цар тахалтай тэмцэх нэрээр барьж хорьж байгаа нь Орос, Хятад цаашлаад Хойд Солонгосыг санагдуулна.

Дүгнэлт

Үнэтэй машин, ухаалаг утас, интернет сүлжээтэй ч хамаг юм нь зуун задгай гэр оронтой, гаднаа дулаан гражтай ч хашаандаа явган зам бут сөөггүй. Аав ээжийн харилцаа тааруу, өөр өөр зүйл хэлж зандарч хүүхдүүдээ бүлтгэнүүлнэ. Тэрийг нь шүүмжилсэн том хүүгээ харанхуй өрөөндөө цоожилчихсон. Ихэр хүүхдийн нэг нь гэртээ гэдсээ илдэг эрхийн балай бөгөөд ажил орлоготой нөгөөхдөө атаархдаг. Нялх охиноо яагаад ч юм цэцэрлэгт нь явуулдаггүй. Тэргэнцэртэй эмээ нь гэрээсээ, хараа муутай өвөө нь хашаанаасаа гарах гэхээр өлсгөлөн тоглоом шиг орчин угтана.

Аав ажилдаа мааруухан ч ажлын өрөө нь алтан сандал мөнгөн ширээтэй. Хамаг ажлыг нугалж ар байтугай өвөр гэрээ авч явдаг ээж нь сүрлэн орон дээр цоорхой хөнжилд унтана. Яндангүй зуухны утаа гэрийг, хэдэн хуучин машин хашааг дүүргэнэ.

Гэсэн ч өмнөхөө бодвол хааяа нэг тахианы мөч, бяслагтай пицца идэж, зурагтаар гял цал шоу, Солонгос драма, охидын хамтлаг үзэх хэдэн хүүхдүүддээ гайгүй боловсрол олгочихвол амьдрал учиртай гэж эцэг эх нь бодно. Амьдрал нэг иймэрхүү л байна. Тэхх.

УБ-ын зөвхөн нэг хэсгийг, цөөн хоног ажиглаж, хувийн өнцгөөс тайлбарласан тул буруу зөрүү бий байх. Та ч бас машинаасаа буугаад хотоо нэг ажиглаарай. Бид “Хүндээ ээлтэй” хот, нийгмийг бий болгож чадаж байна уу?

Үргэлж таны Лука.
2021.11.2

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾