Түгжрэл, Шийдэл 4

1 сумаар 6 туулай

Luka Ganzorig
5 min readFeb 19, 2020

Өмнөх дугааруудад харьцангуй өртөг өндөртэй шийдлүүд бичсэн бол энэ дугаарт хамгийн “сонгодог” шийдлийг хүргэж байна. Маш энгийн, хямдхан бөгөөд нэг сумаар нэлээн хэдэн туулай унагаж мэдэх тасархай арга. Хөрөнгө мөнгө, хүний нөөц, технологи аль нь ч бидэнд байгаа. Энэ бол:

Сэтгэл тэнэгэр таатай алхаж болох явган зам юм.

Ямар ч насны хэн ч байсан саадгүй тухтай зорчиж болох замыг бүр нэг “ясны сайн” баривал УБ түгжрээгүй болно. Үгүй гэхэд нэлээн буурна. Ямар ямар туулай унагахыг дугаарлан тайлбарлая.

1. Хэд дахин хямд туулай.

1 метр урт авто болон явган зам барих өртгийг “Японы зам гүүрийн стандарт”-аар тооцвол:

  • Авто зам, 9м өргөн (2 урсгал, 4 эгнээ)=2,750,000₮/м
  • Явган зам, 9м өргөн (5м явган+4м дугуйн)=625,000₮/м

Энэ 2 зам яг адил өргөнтэй боловч авто замаар 4 хүн зорчиж, явган+дугуйн замаар 12 хүн зорчих боломжтой. Тээврийн хэрэгсэл хүнд учраас авто замын суурийг зузаан буюу 60см-тай тавьдаг (приус 1.5т жинтэй). Ингээд өртөг 4.4 дахин ихэсдэг. Наран улсаас өртөг бага манай орны хувьд илүү хямдаар барих боломжтой.

4.4 дахин төлөөд 4-үүлээ түгжрэх үү? эсвэл 78%-ын хямдралтайгаар 12-уулаа зорчих уу?

2. Эрүүл мэндэд тустай туулай.

Манай улсын нас баралтын шалтгааны 1-т зүрх судасны тогтолцооны өвчин ордог. Жилд 5,500 гаруй буюу хорт хавдраас даруй 1,500-р их. Сонин байгаа биз? Бид facebook-ээр өдөр тутам хорт хавдартай хүний хандивын пост харж, share-лэж, мөнгө шилжүүлдэг боловч яг үнэндээ зүрхний шигдээс, цус харвалтаар таалал төгсдөг хүний тоо хамаагүй их юм. Энэ нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маягаас болдог.

Тэгвэл өдөрт 30 минут, 7 хоногт 150 минут ямар нэг хөдөлгөөн хийвэл дээрх 2 өвчнөөр хорвоог орхих магадлал 20%-иар буурдаг гэсэн 17 орны 13,000 хүн хамруулсан судалгааны үр дүн байна. Манайхан хэрэгжүүлвэл 4,400 болох нь. Гэсэн ч хорт хавдраас их хэвээр.

Мөн ажилруугаа яаж явдаг талаар 260,000 хүнийг хамруулсан судалгаагаар алхаж эсвэл дугуйгаар явдаг хүн хувийн машинаар явдаг хүнтэй харьцуулахад дээрх шалтгаан 59%, 76%-иар буурдаг гэжээ. Бүгдээрээ ажилдаа алхаж очвол нас баралтын тоо 3,245-аар, дугуйгаар очвол 4,180-аар багасч олон айл элэг бүтэн байж заяа нь дэлгэрэх нь.

Бүүүр нэг алхмаар, дугуй жиймээр сайхан замтай бол бид илүү эрүүл, урт наслана.

3. Нийтийн тээврийн хэрэглээг өсгөдөг туулай.

Хотын walkability буюу “алхахад ээлтэй” байдал нь нийтийн тээврийн хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар Америк, Японы тус бүр 23 хотыг харьцуулсан судалгаанаас харахад “ээлтэй бол ээлтэй” гэсэн дүгнэлт гарчээ. 2 орныг харьцуулахад буудлаас 1км радиус доторх явган замын ээлтэй байдлаараа Япон улс илүү байж, энэ нь зорчигчийн тоотой шууд уялджээ (4.9 дахин).

Орцноос буудал хүртэлх явган замыг ус тогтдоггүй, бартаагүй, хальтиргаагүй, жимбийсэн сайхан болговол ажил сургуульдаа автобусаар явах хүн 5 дахин ихэсч цаашлаад ажлын байр ч нэмэгдэнэ.

Нийтийн тээврээр олон хүн зорчвол машины тоо цөөрөн түгжрээ буурч > автобусны компаниуд ашигтай ажиллан үйлчилгээ сайжирч > өшөө олон хүн сууснаар түгжрэл улам буурна гэсэн “буяны тойрог”-т ороод бултаараа жаргана.

4. Байгаль орчинд ээлтэй туулай.

Нэг Монгол хүн жилд дунджаар 7.5–10т нүүрсхүчлийн хий байгальд гаргаж, дэлхийд 39-т буюу Хонг Конг, Австри, Исландын урд жагсдаг.

Тэгвэл бидний машин хэр их CO2 ялгаруулдаг вэ? Ажилдаа машингүй явбал байгаль орчинд яаж нөлөөлөхийг тооцоё. Toyota Prius 1км замыг туулахдаа 75г CO2 ялгаруулдаг бол Toyota Land Cruiser 262г ялгаруулдаг. Өдөрт дунджаар 10км явдаг гэвэл:

  • Prius: 75*10*365/1000=273.75кг/жил CO2
  • TLC: 262*10*365/1000=956.3кг/жил CO2 буюу дэлхийн дулааралд оруулж буй нөлөөгөө 15 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

Машины хэрэглээгээ багасгаж агаарын бохирдол, дэлхийн дулаарлыг бага ч гэсэн бууруулъя.

5. Зардал багатай туулай.

1-т дурдсан хямд туулайны дүү нь. Авто замын арчилгааны зардал барихтайгаа адил явган замынхаас хэд дахин өндөр байдаг. Жил бүр энэ урсгал зардлыг хэмнэснээр төсвийн ачаалал буурч, нийгэм эдийн засагт илүү үр өгөөжтэй төсөлд зарцуулах боломж бүрдэнэ.

ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх, гэр хорооллын шороон замыг сайжруулах, зам цэвэрлэгээний шинэ техник авах, эсвэл бүр оюутан залууст зориулсан дугуй, ролик, скейтбоардоор чөлөөт цагаа өнгөрөөх талбай барих гэх мэт. Дэмий түгжирч зогсох зам барьснаас хэд дахин илүү үр дүнтэй төсөлд зарцуулъя.

Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм ❌

Зардлаа танавал бурзай, төсвөө хэмнэвэл бурзай бурзай ✅

6. Аз жаргалын туулай.

Амьдрахад хамгийн таатай хотын жагсаалтыг 2019 онд Австрийн Вена тэргүүлж удаах байруудад Цюрих, Ванкувер, Мюнхэн оржээ (Азиас Сингапур 1-т, Кобэ болон Токио 2-т, УБ мэдээлэлгүй).

Шалгаруулалтыг хотын дэд бүтэц, үйлчилгээ, аюулгүй байдал, байгаль орчин, орон сууцны үнэ, хүртээмжтэй байдал зэрэг олон зүйл ангиар оноо өгч явуулдаг. Өөр нэг чухал зүйл бол sustainability=хотын тогтвортой байдал бөгөөд энэ нь livability=амьдарч болох байдлаас ихээхэн хамаардаг. Тэгвэл Куала Лумпур хотод хийсэн судалгаагаар амьдарч болох байдлын гол цөм нь walkability=алхахад ээлтэй байдал гэж гарсан байна. Мөн Будапешт хийсэн судалгаагаар явган зам сайтай дүүрэг, хороонд гэмт хэрэг бага, гэр бүлийн харилцаа дотно, боловсрол өндөр, илүү соёлтой, эрүүл мэнд сайн байдаг дүгнэлт гарчээ. Товчхондоо явган+дугуйн зам=аз жаргалтай хот юм.

УБ-ын намуухан үдшээр хайртай хүнтэйгээ хамт алхах л хамгийн жаргал шүү дээ.

Аз жаргал авчрах зам хямд юм байна. Эрүүл мэндэд тустай юм байна. Ажлын байр нэмдэг юм байна. Байгаль орчинд ч ээлтэй юм байна. Тэгвэл энэ замыг хэрхэн барих вэ? Ямар стандартаар барих вэ? Жишээ болгон Токиогийн замыг харъя.

Авто зам, явган+дугуйн замын өргөн тэнцүү. Борооны ус ногоон байгууламжинд шингэнэ (0.1% налуулга). Манайд харин өвлийн улиралд хальтиргаагүй байх тал дээр анхаарууштай.
Явган болон дугуйн зам хоорондоо бутан тусгаарлагчтай. Ямар ч саад тотгоргүй. Тэмдэглэгээ бүрэн.
Уулзвар дээр бордюр намсаж хүүхдийн тэрэг, тэргэнцэртэй хүнд төвөг болохооргүй байна. Ослоос сэргийлсэн жижиг шонтой. Траншейны таг дайрсан ч өнгөт тоосго, чиглүүлэгч тасалдаагүй байна. Үүнийг хүртээмжтэй байдал гэнэ.
Өнгөт тоосго, траншейны таг яг адил түвшинд байна.

Арлын Япон улс явган, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй иргэдээсээ газраа харамлахгүй байна. Гэтэл бид тэднээс 4 дахин том газар нутагтай.

Сүүлийн арван хэдэн жил хотод “Ээлтэй УБ”, “Ухаалаг УБ”, “Аз жаргалтай УБ” гээд олон төсөл хөтөлбөр хэрэгжив. Ухаажиж жаргаад байгаа зүйл алга л байна. Харин “зам чөлөөл аян” таалагдаж байгаа ч дараагийн алхам дутагдаж байна.

Хурдны эсвэл гүүрэн зам бариад түгжрээг шийдсэн улс алга байхад бид тэдний алдааг давтаад л байх юм. Гадны зээлээр, тэдний ажилчдаар өндөр үнэтэй авто зам бариулснаас дээрх шиг явган+дугуйн зам өөрсдөө барья. Өрөнд орох бүү хэл ажлын байр нэмэгдээд эдийн засаг сайжирч иргэдийн амьдрал дээшилнэ.

Авто зам иргэдэд биш машинд зориулагдсан зүйл. Бариад байвал иргэдэд ээлгүй болоод л байна. Чөтгөрийн тойрог гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд “авто замын нэг жилийн төсвийг зөвхөн явган замд зарцуулна”, “ордонруу алхаж, дугуйгаар эсвэл нийтийн тээврээр л явна” гэсэн нэр дэвшигч байвал би лав шууд саналаа өгнө.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (3)

Write a response