Түгжрэл, Шийдэл 1
Номерын дуудлага худалдаа, Хөрөнгө оруулалт
Машинтай гарахаар ажил бүтэхгүй, зам дээр түгжрээд шүргэлцээд хэрэлдээд байна уу? Тийм бол мэргэжлийн хүний хувьд шийдэл ярья.
Түгжрэл яагаад үүсдэг вэ?
Нэг цэгээс нөгөө цэгт зорчиж буй автомашины тоо тухайн замын даах ачааллаас давж, нэг гэрлэн дохионд 2-оос дээш удаа хүлээн зогсож байгаа бол түгжрэлд тооцно. Улаанбаатарт бараг уулзвар болгон ийм байдалтай байна. Тэр болгонд цагаа алдаж, бухимдаж байгаа бол доорхыг уншина уу.
Дугаарын хязгаарлалт бол шийдэл биш.
Ажлын 5 хоногт 4 өдөр яваад, зарим хагас бүтэн сайнаар тэгш сондгойгоороо ээлжлээд түгжрэл шийдэгдэхгүй. Одоо бүр ажлын өдрүүдээр ч тэгш сондгойгоороо явъя гэж байна. Энэ бол шийдэл биш. Цаг аргацаах хэрэгсэл юм.
Өнөөдөр нийслэлд хувь, байгууллага, төрийн 450,000 тээврийн хэрэгсэл өдөр бүр зорчиж байна. Өдөрт ойролцоогоор 220 машин шинээр нэмэгдэж, жил бүр 80,000 гаруй машинаар бүл нэмж байна. Жил ирэх тусам түгжрэл улам дордоно. Бүр тэгш сондгойгоор хязгаарлаад ч дахиад хурцадмал байдалд орно. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөр гарц хайхгүй бол асуудлыг хойш тавиад байна л гэсэн үг.
Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжтэй байдлыг сайжруулахаас өөр шийдэл байхгүй гэх боловч хариуцсан салбар байгууллага дорвитой шийдэл ярихгүй, манайхан бүрэн ойлгохгүй байгаа санагдсан тул үүнийг бичиж байна.

Шийдэл 1.
Дугаар олголтыг хязгаарлаж, дуудлага худалдааны системд шилжих. Нийслэлд явах нийт автомашины тоог хязгаарлана гэсэн үг.
Жишээлбэл:
Ерөөсөө нийслэлд 200,000 автомашин зорчино гээд заах хэрэгтэй. Шинэ дугаар олгохдоо олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар зарж, хуучин машин актлахад дугаарыг нь хурааж авснаар бага багаар нийт автомашины тоог бууруулна. 8888, 9999 гэх мэт азын дугаарыг мөнгөтэй хүмүүс өндөр үнэ хэлж авна.
Үүнээс олсон ашгийг нийтийн тээвэрт хөрөнгө оруулна. Утаа гаргадаггүй цахилгаан автобус нэвтрүүлэх (тролейбус ч байсан болно), маршрутаа нэг тойрох болгонд автобусандаа цэвэрлэгээ хийдэг болох, нийт шугамын тоог нэмэгдүүлэх, улсын сургуулиудыг хүүхдийн автобусаар хангах, жолооч ажилчдын цалинг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт зориулсан замыг өргөтгөж засах зэрэгт зарцуулна.
Ингэхдээ олон нийтэд нээлттэй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Тухайн жилд шинээр олгох дугаарыг хэдэн сарын өмнө урьдчилан зарлаж, дуудлага худалдаанд орох хувь хүн, албан байгууллагыг бүртгэнэ. Дугаар ямар үнээр зарагдсаныг тайлагнаж, нийтийн тээврийг хөгжүүлэх сан эсвэл зорилтот дансанд мөнгийг шилжүүлнэ. Тухайн хөрөнгийг ямар төсөлд зарцуулсныг шилэн дансаар олон нийтэд ил тод байлгана.
Мөн зорилтот тээврийн хэрэгслийг серээр салгаж өгөх хэрэгтэй. Таксинд явдаг бол УБТ, үйлчилгээний машин бол УБҮ, төрийн албаны машин бол УБӨ гэх мэт. Эдгээрийг ч бас дуудлага худалдаагаар зарна. Эхнэр хүүхэддээ таксинд суухдаа УБТ-д суухыг сануулж, УБӨ дугаартай машин бар савны гадаа зогсож байвал, түгээлтэнд яав ч явахгүй 570 УБҮ дугаартай байвал хянах байгууллагад мэдэгдэх боломж бүрдэнэ.
Дээрх арга хэмжээг авснаар нийт автомашины тоо жил бүр багасч, тэр хэрээр нийтийн тээвэр тохилог, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай, цагаар явах боломж бүрдэнэ. Хамгийн гол давуу тал нь олон нийтийн эрх ашигт зориулсан хөрөнгө төсөвт цугларч, түгжрээ багасах юм.
Өглөө ажилдаа амждаг, бүр уурлахгүйгээр тухтай хүрдэг, хүүхдүүд аюулгүйгээр сургуульдаа явдаг, таксинд суусан ч санаа зовдоггүй нийгмийг бүтээх уг нь тийм хэцүү зүйл биш. Сайтар бэлдсэн аргачлалыг тууштай хэрэгжүүлснээр өдөр тутмын уур бухимдлаас салах боломжтой.
Бидний улс эв саналыг нэгтгэн
Төр, иргэний хүчийг нийлүүлэн
Нэгэн санаагаар машинаа хязгаарлавал
Арилгаж чадахгүй түгжрэл үгүй бөгөөд
Зам дээр хэрэлдэх явдал үгүй болж
Автобусанд чихэлдхээс ангижирч
Ая тухтай цэвэрхэн нийтийн тээврээр
Гэрээсээ ажил хүртэл 20 минутанд хүрдэг болохыг
Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ.
Ганзоригийн Лувсанжамц. (2018.10.02/revised)
Дараагийн дугаарт шийдэл 2.