Түгжрэл, Шийдэл 2
Цэвэрхэн, Аюулгүй, Хүртээмжтэй, Найдвартай
Өмнөх постдоо нийслэлд зорчих автомашины тоог хязгаарлах шаардлагатайг, нийтийн тээвэрт хэрхэн хөрөнгө босгох жишээг дурдсан билээ.
Харин энэ удаад амласны дагуу удаах шийдлийг буюу олон улсад туршигдаж батлагдсан, түгжрэлийн эсрэг шалгарсан гурван төгс аргыг бичье.
Та бэлэн үү?
1-т нийтийн тээвэр,
2-т нийтийн тээвэр,
3-т дахиад нийтийн тээвэр юм.
Тун ойлгомжтой бөгөөд энгийн байгаа биз?
Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Дараа дахин уулзатлаа баяртай!
гэвэл лайк горлисон арчаагүй амьтан байна гээд барьж идүүлэх учраас, Улаанбаатарын нийтийн тээврийг хэрхэн яаж сайжруулвал олон хүн хэрэглэж, түгжрээ багасах талаар бичье.
Бид хотын захиргаа болон автобусны компаниудаас 4 зүйлийг дуу нэгтэйгээр шаардах хэрэгтэй бөгөөд эрхтэй.
1. Нийтийн тээвэр цэвэрхэн байх.
Хамгийн энгийн бөгөөд маргаашнаас шууд хэрэгжих боломжтой зүйл.
Олон хүн сууж буудаг учир болж өгвөл эргэлт болгонд цэвэрлэх, шал болон бариулыг тогтмол ариутгах, суудлын бүрээсийг бохирдож урагдсан даруйд солих, агааржуулагчийг байнга ажиллагаатай байлгах, цаашлаад үнэртүүлэгч тавих гэх мэт. Ерөөсөө хэцүү биш. Хувийн машин ямар байдаг түүнтэй адил байхад л хангалттай.
Бариул нь хугархай, пад хар суудалтай, агаар дутагдаж хөлс үнэртсэн, эсвэл утаагаа дотогш алдсан автобусанд суухдаа хэн ч таатай байхгүй.
Монгол хүн байнадаа, “манайх дэлхийн хамгийн цэвэрхэн автобустай” гээд яримаар л байнашт.
2. Нийтийн тээвэр аюулгүй байх.
Энэ бас энгийн. Автобусны жолооч нартай тулж ажиллах хэрэгтэй. Огцом хурдлаж, огцом тормозлохгүй. Зорчигчид суудалдаа суулаа, хаалга хаагдлаа хөдөллөө.
Жишээ нь Японд жолооч нар үйлдэл бүрээ микрофоноор хэлж зорчигчиддоо мэдэгддэг. “Хаалга хаалаа”, “хөдөллөө”, “эргэлээ, бариулаас бариарай” гэх мэт. Мөн хөдөлгөөн бүрийн өмнө аюулгүй байдал бүрэн хангагдсан эсэхийг хуруугаараа зааж нягтлана. Уулзварлуу нэвтрэхдээ баруун зүүн тийш заангаа “аюулгүй байна, нэвтэрлээ” гэж хэлнэ.
20м зайнд Тэнүүн огоогийн жолооч хурдан байна уу Сутайн буянтын жолооч хурдан байна уу зорчигч бидэнд үнэндээ хамаа алга. Бид чинь хонь мал шиг дөрөв биш хоёрхон хөлтэй болхоор ширүүн явхаар шалаар нэг уначих гээд байх юм байнашдээ.
Мөн халаасны хулгай, эмэгтэйчүүдийн биед хүрэх зэрэг гэмт хэрэг гарахаас сэргийлж камержуулах арга хэмжээ авах нь зүйтэй. 500₮-өөр мөөмөө базуулаад, эсвэл 500,000₮-ийн утсаа алдаад байвал нийтийн тээвэрт хэн итгэж суух билээ дээ.
3. Нийтийн тээвэр хүртээмжтэй байх.
За энэ жоохон ярвигтай шүү.
Хүртээмжтэй байдал гэж товчхондоо таны гэрээс автобусны буудал хүртэл хамгийн ихдээ 500м зайд байхыг хэлнэ. (хүйтэн уур амьсгалтай манай орны нөхцөлд бол дунджаар 300м байвал зохистой)
Энэ хэмжээ нь хүн 3–5 минут алхах зай юм. Зөвхөн гэр гэлтгүй, олон хүн очдог оффис, нэгдсэн эмнэлэг, сургууль, томоохон дэлгүүр зах, үйлчилгээний төвүүд бүгд буудлаас ийм хэмжээний зайд байх ёстой. Гэрээсээ гараад 3 минут алхаад автобусанд суулаа, 15 минут яваад буулаа, ажилруугаа 3 минут алхлаа, ажил эхэллээ.
Доорх 2 зурагт хүртээмжтэй байдлыг үзүүлэв. Эхний зурагт таны гэр, 2 дахь зурагт таны ажил шар тойрог дотор байхгүй бол танд хувийн машинаар явахаас өөр арга алга. Нийслэлийн зам тээврийн газарт “Энэ асуудлаа шийдэж өгөөчэээээ!!” гээд хэлэх хэрэгтэй.


Мөн анхаарах ёстой хэдэн зүйл байна.
а. Гэр хорооллын дийлэнх хэсэг, шинээр баригдсан орон сууцны хороололд хүртээмж ёстой түй ч алга байна. Ийм байхад айл болгон хашаандаа машинтай, орон сууц болгон хүүхдийн талбай биш зогсоол барихаас өөр яах билээ.
б. Автобус явах боломжгүй уулын налуу эгц хэсэгт газар хувьчилж өгмөөргүй байна. Хүртээмж багасахаас гадна дэд бүтэц татахад хүндрэлтэй. Хэт өндөр зардал гарна.
в. 2 дугаар зурагт улсын маань 2 том нэгдсэн эмнэлэг тойргоос гадна байгааг харж болно. Нийтийн тээврээр эмнэлэгт үзүүлэх амаргүй байгаа биз? Ийм болохоор л хүмүүс машинаар, таксигаар очиж тэр хавь битүү түгжирдэг.
Хэт сунжрах тул бусад зүйлийг орхиё. (жоохон хуучны маршрут дээр ажилласан болно)
4. Нийтийн тээвэр найдвартай байх.
Автобус цагаар тогтмол явахыг хэлнэ. Нэг чиглэлд дунджаар 10 минутанд 1 автобус байх хэрэгтэй. Энэ хамгийн хүнд хэсэг учир тууштай, судалгаатай, төлөвлөгөөтэй байдлыг шаардана. Шийдэл 1-т бичсэн нийт зорчих тээврийн хэрэгслийн тоог хязгаарлахтай зэрэгцүүлвэл илүү үр дүнтэй.
Өнөөдрийн бичвэрээс цэвэрхэн, аюулгүй, хүртээмжтэй, найдвартай гэсэн 4 чухал ач холбогдлыг ойлгосон бол нийтийн тээврийн ерөнхий зарчмыг мэддэг боллоо гэсэн үг. Одоо зохих газарт нь шаардлага тавих л үлдлээ.
Эцэст нь 5 эгнээтэй зам дээр 200 хүн машинтай, машингүй, дугуйтай, автобусанд, цахилгаан тэргэнд суусан үед ямар зай эзлэхийг доорх хөдөлгөөнт зургаас сонирхоно уу.

Энэ хүртэл уншсан та шүү!
Дараагийн удаа шийдэл 3-ыг бичнэ.
Ганзоригийн Лувсанжамц. (2018.10.24/revised)