Түгжрэл, Шийдэл 3

Хотыг тэлэх, Дагуул хот, Захыг нүүлгэх, Их сургуулиудын хотхон, Гүүрэн зам хэрэгтэй юу?

Luka Ganzorig
3 min readNov 19, 2019

Өмнөх дугааруудад автомашины тоог хязгаарлах хэрэгтэйг, нийтийн тээвэрт тавих 4 шаардлагыг бичсэн. Энэ удаад харин хот төлөвлөлт талаас буюу олон удаа хөндөгддөг доорх сэдвүүдийн бололцоо, хэрхэн хэрэгжүүлвэл зохистой талаар хүргэж байна.

  1. Хотыг тэлэх

2003 оноос нийслэлд 700м2 газрыг үнэгүй өмчилдөг болсноос хойш хот хэд дахин тэлсэн. Гэр хороолол хойшоогоо хэдэн уул давж, урагшаа Зайсан, River Garden, Вива сити гээд олон хотхон шинээр баригдаж хотын хүрээ тэлсээр байна. Гэвч бид түгжирсээр л байна. Яагаад?

Зурагт цэцэрлэг, сургууль, эмнэлэг болон 2000 оноос хойш баригдсан бүх оффисуудыг тэмдэглэв. Цэцэрлэг сургуулийн хувьд тархсан, зохистой хэлбэрт байгаа ч оффисууд Сүхбаатарын талбайгаас 1км радиуст бөөгнөрсөн байна. Үүн дээр төрийн байгууллагуудыг нэмвэл дийлэнх ажлын байр энэ тойрогт байна. Үүнийг хэт төвлөрөл гэнэ. Бид өглөө энэ тойргийг чиглэж, орой эндээс харьдаг учир түгжрэл үүсдэг.

Тэгэхээр хотыг тэлэх биш харин төвлөрөлийг зохицуулах хэрэгтэй. Одоо ид өрнөж буй хотын захиргааг нүүлгэх ажил зөв боловч түгжрэлийг бүрэн шийдэж чадахгүй. Дараагийн алхам нь захиргааны шинэ байрыг дагасан дэд бүтэц байгуулж, зөвхөн оффис барилга барих зөвшөөрөл олгож, шинэ бизнес бүсийг хөгжүүлвэл зохистой. Эсрэгээрээ төвийн 2км тойрогт шинээр оффис барихыг хориглож, орон сууцны барилгыг л зөвшөөрөх хэрэгтэй. Токиогийн Шинжүкү, Парисын Ла Дэфэнс, Лондонгийн Докландс, Шинэ Москва зэрэг нь энэ шийдлийн сонгодог жишээ юм.

2. Дагуул хот

1976 онд батлагдсан нийслэлийн 3-р ерөнхий төлөвлөгөөнд Багануур, Налайхыг уул уурхайд түшиглэсэн дагуул хотоор тусгаж, удаахаар Гачуурт, Шувуун фабрик зэргийг хүнсний үйлдвэрлэлийн дагуул хот болгосон. Гэвч төрийн өмчит хэдэн үйлдвэрээс өөр ажлын байргүй тул хөгжиж чаддаггүй. Ер нь 1.5 сая хүн амтай хотод дагуул хот барьдаггүй. Metropolis буюу арван саяаас дээш хүн амтай хот л дагуул хот хөгжүүлдэг.

3. Захуудыг нүүлгэх

Энэ харин оновчтой. Гэхдээ хувийн хэвшил, захуудтай хамтарсан тохиолдолд амжилттай хэрэгжинэ.
А. Нийслэлийн хэрэгцээг хангадаг зах буюу Меркури, Бөмбөгөр, Хүчит шонхор…
Б. Орон нутгийн хэрэгцээг давхар хангадаг зах буюу Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Да хүрээ, Хар хорин…

А-гийн хувьд том биш тул нүүлгэх шаардлагагүй.

Харин Б-гийн хувьд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Эхний 3 нь Сүхбаатарын талбайгаас 2.5 км зайд буюу харьцангуй төв хэсэгт байрладаг. Эдгээрийг Налайхын замд байрлах Хонхорт нүүлгэж худалдааны бүс болговол зохилтой.

Гарах үр дүн:
а. Төмөр зам дагуух бусад хотын иргэд галт тэргээр ирж үйлчлүүлэх боломжтой.
б. Ачаа барааг буулгахад хялбар.
в. Сул газартай учраас худалдааны төв, агуулах барих боломжтой.
г. Захууд очсоноор ажлын байр нэмэгдэнэ.
д. Нийслэлийн замын ачаалал буурна.
е. Худалдааны бүстэй болсноор бүтээмж дээшилж, өрсөлдөөн ширүүсч, үйлчилгээ сайжирна.

Галт тэрэгнээс буугаад 5 алхаад ордог, машин, хүнс, хувцас, тавилга гээд хүссэн юмаа авдаг, авсан барааг хот хөдөөгүй хүргээд өгдөг худалдааны бүстэй болчихвол өөр хүсэх юм алга. Дээрээс нь түгжрэл буурна.

4. Их сургуулиудын хотхон

Энэ бол үлгэр. Хагас жилийн төсөвтэй дүйцэх хөрөнгөөр оюутны хот барьсан улс хаана ч байхгүй. Налайх, Багануур одоо бүр Майдарт барья гэж байна. Тийм хөрөнгө байвал утаа, жорлонгийн асуудлаа шийдсэн нь өлзийтэй.

Оюутан болгон хичээлээ тасалж машин унаад, зам дээр зогсч түгжрэл үүсгэж байгаа юм шиг ярьдаг дарга нар болих хэрэгтэй. Харин ч нийтийн тээврийг идэвхтэй хэрэглэдэг үлгэр жишээ давхарга бол оюутнууд. Сард 22 дардаг картаа 3500-аар аваад автобусанд дуу сонсоод мөрөөрөө явж байхад “та нараас болж түгжрээд байна”, “та нар л явчихвал жаргалаа” гэж загнадаг бүдүүн гүзээтэй том машинтай ах нар өөрсдөө нийтийн тээвэртээ сууна уу. Баярлалаа.

5. Гүүрэн зам

Сүүлийн үед төв замуудын дээгүүр гүүрэн зам барьвал түгжрэл шийдэгдэнэ гэж ярьж байна. Энэ бол урхи. Нийгэм эдийн засгийн ямар ч ашиггүй. Төсөв багатай манай улс өөрөө барьж чадахгүй зээл авч таарна. Өрийн хэмжээ улам ихсэж, төлж чадахгүй хойно биднээс авах татвараа л нэмнэ.

Сөүл хотын захиргаа 1971 онд түгжрээг шийдэх зорилгоор хотын төвөөр урсдаг Чхонгечхон гол дээгүүр 16м өргөн, 6км урттай гүүрэн зам барьсан боловч олигтой үр дүнд хүрээгүйг бүү хэл 2005 онд 360 тэрбум воноор нураасан байдаг. Гүүрэн замын өртөг өндөр, арчилгаа зардалтай, үзэмжгүй гээд сөрөг нөлөө ихтэйн тод жишээ энэ юм.

Бусдын алдааг давтах хөрөнгө мөнгө, цаг хугацаа аль нь ч бидэнд байхгүй. Харин тэднээс суралцаж, урагш том алхсан шийдэл бидэнд хэрэгтэй.

Дараагийн дугаарт шийдэл 4.
Ганзоригийн Лувсанжамц. (2018.11.04/revised)

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (1)

Write a response

5 g l humuus hamgiin ih shaardaj bga haragdah yum. Deres n mashingui humusin ihenh huvi n bolomjgui bolxos mungute l bolvol bvr neg gert 2 ch mashin avna. Hot tuluvlult n medleg olgoj baij l ydaj deerh arguudig heregjuulehgui bol. Ger horollig…

4