Утаа, Шийдэл 2

Бүс нутгийн бодлого, Орон нутгийн төсөв

Luka Ganzorig
5 min readOct 9, 2020

Утааг арилгах ээлжит шийдлээ хүргэе. Утааны язгуур бол:
1. Нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр
2. Гэр хороолол дэд бүтэцгүйгээр тэлж
3. Байшин, гэр дулаалга муутай учир
4. Нүүрс бусад зүйлийг хэтрүүлэн түлснээр
5. Агаарын бохирдол үүсдэг.
Эхний язгуурыг тодруулж, шийдэл хайцгаая. Доорх зургийг харна уу.

Зураг ①
1983 оноос 2017 оны хооронд орон нутгаас нийслэлрүү нүүсэн хүн амын тоог аймаг тус бүрээр үзүүлэв. Хэвтээ тэнхлэгээс дээших нь нүүн ИРЖ байгааг, дооших нь нүүн ЯВЖ байгааг, цэнхэр ★ зуд болсон жилүүдийг илтгэнэ.

Үсгүүд тус бүр:
а.1989 он: Ардчилах хөдөлгөөн эхлэв.
б.1992 он: Үндсэн хуулиар Монгол хүн оршин сууж амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй болов.
в.1996 он: Орон сууц хувьчлах хуулиар төрийн орон сууцыг үнэгүй тараав.
г. 2002 он: Газар өмчлөх хуулиар нийслэлд ӨРХ бүр 700м2 газар үнэгүй өмчлөх эрхтэй болов. (2003 оноос хэрэгжсэн)
д. 2008 он: Газрын хууль шинэчлэгдэж насанд хүрсэн ИРГЭН бүр 700м2 газар өмчлөх эрхтэй болов.
е. 2017 он: Нийслэлийн засаг дарга асан Сундуйн Батболд шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл хорьсноор Улаанбаатарын хүн амын шилжилт хасах болов.
ё. 2018 он: Газрын үнэгүй хувьчлалыг 2028 он болгож сунгав.

Товчхондоо:
1992 оноос өмнө өөр аймаг хотруу явахад заавал даргын зөвшөөрөл авдаг байсныг үндсэн хуулиар халсан. Ингэснээр нийт 425,000 гаруй хүн орон нутгаас нийслэлд ирж суурьшсан.

Төрийн орон сууцыг үнэгүй хувьчилсан 1996 оноос хойш шилжилт хөдөлгөөн тогтвортой ихэссэн.

2000–2004 оны дараалсан зудаар малаа алдсан олон тооны иргэд УБ-т ирж суурьшсан. Мөн 2002, 2008 оны газар үнэгүй олгох хууль нөлөөлсөн байх магадлалтай.

2010 оны зудаар шилжилт дахин нэмэгдсэн нь нийслэлийн хүн амын механик өсөлт зудтай нягт уялдаатайг батлав.

2017 онд хотын дарга шилжилт хөдөлгөөнийг хорьсон нь нүдээ олоогүй шийдэл төдийгүй нийгмийн эмзэг бүлгийг улам туйлдуулах шийдвэр байсан. Зудаар малаа алдсан иргэд ОРЛОГОГҮЙ болдог. Ажил хайх зорилгоор нийслэлд ирж байхад нь ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ЭЭ гэх нь байж боломгүй зүйл юм.

Шилжилт хөдөлгөөнийг хориглоно гэдэг нь нүүж ирсэн хүнийг хороонд бүртгэхийг хориглоно гэсэн үг. Хаяг бүртгэлгүй хүн өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжгүй. Үр хүүхдээ сургууль цэцэрлэгт бүртгүүлэх, сугалаанд оруулах боломжгүй. Ингэснээр тухайн хүн, өрх хувийн буюу төлбөртэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас өөр сонголтгүй болно. Нэгэнт орлогоо алдсан хүний нийгмийн халамжийг ингэж хасаж болохгүй.

Мөн бүртгэлгүй иргэд олшрох нь статистик мэдээлэл авах боломжгүйд хүргэж, улс нийслэлийн бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд маш муугаар нөлөөлдөг. Жишээ нь Энэтхэг, Хятадад бүртгэлгүй иргэдийн асуудал маш ноцтой байдаг.

Зураг ②
1983 оноос хойш УБ-руу нүүсэн нийт хүн амыг, 2016 оны тухайн аймгийн нийт хүн амаар хуваасан дүнг хувьчлав. Өөрөөр хэлбэл УБ-г чиглэсэн шилжилт хөдөлгөөн байгаагүй бол тухайн аймгийн хүн ам хэдэн хувиар их байхыг тооцсон болно.

Товчхондоо:
Аймгуудын дундаж 50%-тай байгаа нь орон нутгийн 2 ХҮН ТУТМЫН 1 нь хот бараадсан гэсэн үг. Шилжиж ирсэн өрх шууд орон сууцанд орох нь бага учир, ихэнх нь гэр хороололд амьдрахаас өөр сонголтгүй. Ялангуяа эхний жилүүдэд дулаалга муутай онгорхой тоонотой гэрт амьдарна→Утаа ихэснэ.

Зураг ③
Аль аймаг хамгийн их болон бага нутгаа орхиж явсныг хүснэгтээр үзүүлэв.

Товчхондоо:
Ховдоос бусад баруун аймгуудын шилжилт маш өндөр байна. Дархан, Эрдэнэт болон уул уурхайтай говийн аймгуудын шилжилт бага байна. Төв, Архангай, Дундговь, Дорнодын шилжилтийг бууруулах шаардлагатай.

Базвал:
1.Ардчилалаас хойш жил бүр дунджаар 18,000 иргэн УБ-г зорьж байна.
2.Зуд тохиосон жил шилжилт 2 дахин нэмэгддэг. (2004 онд 40,000 давсан)
3.Уул уурхай, үйлдвэрлэл харьцангуй хөгжсөн ажлын байртай аймгуудын шилжилт бага байна.
4.Уур амьсгал эрс тэс, зудад өртөмтгий баруун аймгуудаас шилжилт их байна.

Шийдэл:
1.Орон нутагт ажлын байр

Эхний ээлжид зудаар малаа алдсан малчдыг МЯНГАТ МАЛЧНЫ ТУСЛАХ-аар ажилд зуучлахыг орон нутаг, нутгийн зөвлөл хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хал үзэж хашир суусан мянгат малчдаас юм сураг.

Мал аж ахуй эрхлэх сонирхолгүй бол сургалтад хамруулж мэргэжил эзэмшүүлье. Төрсөн нутагтаа эсвэл УБ-т ирээд шууд ажилд гарах чадвартай гоё ах, эгч нарыг бэлдье. Ингэснээр шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломж бүрдэж, өрхийг орлоготой болгоно.

2.Бүсийн төв, Бүсчилсэн хөгжил
Ганц төвтэй Монголыг олон төвт болгох хэрэгтэй. Жишээлбэл Баруун бүсийн төв ХОВД, Хангайн бүсийн төв ХАРХОРИН, Зүүн бүсийн төвийг ӨНДӨРХААН-аар сонгож, нэгдсэн эмнэлэг, их дээд сургууль, дэд бүтэц барьж байгуулъя.
Хувийн хэвшилтэй хамтарч мах, арьс шир, ноос ноолуур, хүнсний ногоо, буудайны дуудлага худалдаа, боловсруулах, борлуулах цогцолбор байгуулбал зохистой. Ингэснээр махны үнэ, малчдын орлого ченжүүдээс хамаарахаа болино. Эрэлт нийлүүлэлт, үйлдвэрлэл тогтворжиж, экспортлох боломж бүрдэж ажлын байр ч нэмэгдэнэ.

2017 оны дэлхийн банкны судалгаагаар орон нутгаас нийслэлийг зорих гол шалтгаанаар
а. Өндөр боловсрол эзэмших, хүүхдэдээ эзэмшүүлэх
б. Эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах
в. Ажлын байр шалгарсан байна (эх сурвалж 1).
Дээр дурдсан 2 шийдлээр энэ 3 шалтгааныг шийдэх боломжтой. Харин яаж хэрэгжүүлэх вэ?

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ
Та Монгол улсын хаана ч ажиллаж амьдарч байсан таны төлсөн татвар нэг удаа улсын санд цугларч, түүнийг УИХГишүүд, сайд дарга нар орон нутагт хуваарилдаг. Үүнийг төвлөрсөн татварын тогтолцоо гэдэг. Орон нутгууд яаж ч хичээж татварын орлогыг нэмэгдүүлсэн бай орон нутагт ирэх төсөв УЛС ТӨРЧӨӨС хамаардаг. Ийм тогтолцоотой үед орон нутаг хөгждөггүй бөгөөд бүх төсөл хөтөлбөрүүд улс төрчөөс хамааралтай болдог. Сонгууль бүрээр засаг солигддог манай улсад нийгэмд чухал хэрэгцээтэй том төсөл хэрэгждэггүй нь ийм учиртай.

Орлогын төвлөрлийг задалбал хүн амын төвлөрөл ч задарна.

Орон нутгийн төсөв гэдэг нь жишээлбэл НӨАТатварын 10%-ийн тал нь аймаг нийслэлийн төсөвт, тал нь улсын санд, мөн адилаар хувийн компаниудаас авдаг ААНОАТатвар болон хувь хүнээс авдаг ХХОАТатварын тодорхой хувийг орон нутгийн санд төвлөрүүлэхийг хэлнэ. Ингэснээр иргэд өөрийн төрсөн нутгаа хөгжүүлэхэд бодитоор хувь нэмрээ оруулах боломж бүрддэг. Хамгийн чухал нь орон нутгийн төсвийн орлого зарлагыг оршин суугчид илүү хянадаг болж, засаг захиргааны авилгал хээл хахууль зэрэг нийгмийн хорт хавдар арилахад түлхэц өгдөг. Орон нутгийн сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо өсөж, ИРГЭНИЙ ОРОЛЦОО дээшилдэг.

Товчхондоо бол танай тойргийн гишүүн ямар хүн байхаас үл хамааран таны амьдардаг сум хороонд сургууль цэцэрлэг, аймаг дүүрэгт эмнэлэг их сургууль баригдаж ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг.

Тэгэхээр бидэнд:
а. Налайх эсвэл Багануурт бөөгнөрсөн их сургуулиудын хотхон бус, бүсийн төвдөө дээд боловсрол эзэмших боломж,
б. Үр хүүхэд, ижий аавыгаа өвдөхөд саахалтын зайтай яваад үзүүлэх нэгдсэн эмнэлэг,
в. Төрсөн нутагтаа ажлын байртай байх боломжийг бүрдүүлэх БҮС НУТГИЙН БОДЛОГО, үүнийг хэрэгжүүлэх ОРОН НУТГИЙН ТӨСӨВ хэрэгтэй байна.

Эцэст нь уриалахад:
Өнөөдөр 21 аймгийн хэд нь нэгдсэн эмнэлэг, их сургууль, ажлын байртай билээ? Ийм байхад эмчид үзүүлж, эрдэм сурч, ажил хийх гээд нийслэлд ирсэн нэгнээ ад үзэж “хөдөөний” эсвэл “орк”-оор нь бүү дуудаарай.

Соёлтой иргэн та эвтэйхэн хэлээд өгвөл хэд хоногтоо хотын соёлд суралцах байлгүй. Бид чинь дасан зохицохдоо сайн улс гэдэг шүү дээ.

Шинэ хотын дарга танаа:
Шилжилт хөдөлгөөнийг чөлөөлж бүртгэлийг бүрэн хийхгүй бол бүртгэлгүй иргэд олширно. Ингэснээр гэр хороолол, утааны асуудал шийдэхэд улам бэрх болно.

Ганзоригийн Лувсанжамц. (2019 оны цагаан сар)
Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Буузаа чимхэнгээ бусадтай хуваалцвал буузны тань амт улам сайхан болж буян тань дэлгэрнэ гэж Пүрэвч лам Бурханбат айлдсан шүү.

Дараагийн дугаарт утаа, шийдэл 3
Эх сурвалж: 1; 2; 3; 4;

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾