Утаа, Шийдэл 1

Маск, Ууланд гарах, Алтан өндөр, Алтан цаг, Агаар цэвэршүүлэгч

Luka Ganzorig
3 min readDec 23, 2019

Хүйтний эрч чангарахын хэрээр утааны эрч ч чангарч байна. Аргалын утаанд өссөн чинь нүүрсний утаанд хүүр болж байна. Бид ер нь утаанд хүн болж, утаанд хүүр болох ёстой юм уу? гэж бодоод шинжлэх ухааны хэдэн paper уншиж, өнөөдрөөс шууд хэрэгжүүлэх боломжтой гэж бодсон хэдэн шийдлээ танд хүргэе.

1. Юуны өмнө Улаанбаатарын утаа хэр юм бэ?
WHO-ын судалгаагаар агаарын бохирдол дэлхийн 1100 хотын дунд эхний 5-д бөгөөд Энэтхэгийн Нью Делигээс (22.5 сая хүн амтай, хэмжээгээрээ 15 дахин том) их байна. Яаая, айрагийн тавд гэдэг чинь хийморьтой, ялж л яваа юм байна даа. За тэр Монгол ялна ч яахав.

Утаа нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчээ. Үүнийг хоолой, уушгаараа өдөр тутам мэдэрч байгаа ч яс мах, тархиндаа тултал хүлээн зөвшөөрөөд сэргийлэх арга хэмжээ авахгүй бол горьгүй нь.

2. Утаа ямар хор хөнөөлтэй вэ?
Утаанаас болж Улаанбаатар хотод уушигны хорт хавдраар нас барж байгаа 10 хүн тутмын 4 нь, зүрх судасны өвчнөөр таалал төгсч байгаа хүмүүсийн 29% нь буюу жилд 1500 хүн, нийтдээ 10 хүн тутмын нэг нь утаанаас болж нас барж байна (зүрх судас гэдэгт цус харвалт, зүрхний шигдээс орж байгаа). Дашрамд дурдахад зам тээврийн ослоор жилд 700 гаруй хүн нас бардаг.

3. Утаа яг хаагуур байна?
Зурагт нийслэлийн жилийн дундаж агаарын бохирдлыг (PM2.5) газрын зурагт буулгав. WHO-гын стандартаар PM2.5 нь 10μg/m3-аас бага байх ёстой.
Зайсанд ч бай Нүхтэд ч, Баянхошуунд ч бай бид бүгдээрээ энэ хороор амьсгалж байна. Баян ч бай ядуу ч бай бид бүгдээрээ хордож байна.
Манай энэ хавь утаа гайгүй гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Утаа бол таны, миний, бид бүгдийн асуудал.

Тэгвэл энэ их хор хөнөөлөөс үр хүүхдээ, нас өндөр ижий аавыгаа, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

4. Маск зүү!
Тэр дундаа олон улсын 3M N95 стандарт хангасан маск зүү. N95 гэдэг нь 0.3μg/m3 хүртлэх хэмжээтэй бохирдлын 95%-ыг шүүнэ гэсэн үг. Дээр дурдсан PM2.5 нь 2.5μg/m3 буюу хүний уушиг шүүж чадалгүйгээр цусанд шууд нэвчдэг хорт бодисыг хэлж байгаа юм. Ийм маск зүүхгүй бол цэвэр Монгол цус тань утаа угаараар бохирдоод хужаа ч болж мэднэ.

5. Ууланд гарч уушигаа цэвэрлэ!
Хүний уушиг элэг хоёр нөхөн төлжих чадвар сайтай байдаг. Ялангуяа уушиг нь цэвэр агаараар хоёр цаг амьсгалахад нөхөн төлжиж эрүүлшдэг. Улаанбаатар хот далайн түвшнээс 1350м өндөрт оршдог. Тэгвэл Улаанбаатарын утаа өвөлдөө 1750м (1350+400) хүртэл л байдаг. Зургийн ①-ыг үзнэ үү.

Энэ 1750м-ыг Алтан Өндөр гэе.
Өвлийн хүйтэн агаар яндангаас гарах халуун агаарыг дээрээс нь дарснаар агаар сэлгэлт явагддаггүй ба алтан өндрөөс дээш утаагүй байдаг. Хагас бүтэн сайнаар 1750м-ээс дээш өндөрт авирч байвал та дээрх 1500 хүний нэг болохгүй нь.
Нэмж хэлэхэд Зайсангаас өгсдөг Богд уулын Баруун ширээт 2000м-т байдаг. Байнга гардаг бол та шүү! Гардаггүй бол бодож үзнэ үү.

6. Зөв цагт цонхоо нээж, салхинд гар!
Зургийн ②-ыг үзнэ үү. Хотын хэмжээнд агаарын бохирдол буурдаг цаг нь өдрийн 12–17 цагийн хооронд байна. Үүнийг Алтан Цаг гэе.

Албан тасалгаа, гэр орон ялангуяа сургууль цэцэрлэгтээ агаар оруулах бол энэ цагаар л цонхоо нээ. Бусад үед болж өгвөл хаалттай байлга. Өвлийн цагаар хүүхдээ салхилуулах бол энэ цагаар л гарна уу.
Харин үүнээс бусад цагаар гадуур гарах бол заавал маск зүү! Орой 20 цагаас хойш хамгийн хор хөнөөлтэй цаг учир бага насны хүүхэд болж өгвөл гараад хэрэггүй.

7. Гэртээ агаар цэвэршүүлэгч тавь.
Хүүхдийн өрөөнд, унтлаганы өрөөндөө агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй. HEPA-тай нь их зүгээр гэсэн.

Манай итгэлт найз TaNan маань олон төрлийн агаар цэвэршүүлэгчийг шинжээд Xiaomi Mongolia-гаас баярын хямдралаар 330,000₮-өөр авсан найдвартай байна гэж байна лээ. Манайх шиг агаарын бохирдолтой улсын бренд яаж шүүхээ мэдэж байгаа биз.

За тэгээд Маск, Ууланд гарах, Алтан өндөр, Алтан цаг, Агаар цэвэршүүлэгч-ийг өнөөдрөөс хэрэгжүүлээд цэвэр Монгол цустай байна уу, хордоод эрлийз цустай болно уу, ганцаараа уншаад хувиа хичээнэ үү, найз нөхөдтэйгөө хуваалцана уу та өөрөө л мэд.

Эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг танд зориулж хариуцлагатай пост бичлээ.

Жич: Ойрхон цэвэр агаарт гаръя гэвэл нисэхээс урагшаа, эсвэл Найрамдал зуслан, эсвэл 1750м-ээс дээш өндөрт гараарай.

#XiaomiMongoliaгаасМөнгөАваагүй #ГэхдээӨгвөлАвна #ЖДҮАвсанБолЗайлцгаа #АвахыгньХараадДуугайСуусанБолБасЗайлцгаа

Дараагийн дугаарт шийдэл2.
Ганзоригийн Лувсанжамц. (2018.12.04)

Эх сурвалж: 1, 2, 3.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (1)

Write a response