Хотын асуудлыг шийдэх хамгийн дөт зам бол иргэд оршин суугчдын оролцоог хангах.

20 минутын хот бол нийгмийн үйлчилгээ буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, автобусны зогсоол гэх мэт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай асуудал юм.

Luka Ganzorig
10 min readFeb 23, 2025

-МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон Ганзоригийн Лувсанжамц гэж хэн юм бэ. Иргэдийн хувьд Токиод инженерийн мэргэжил эзэмшиж, тооноор орж ирсэн гишүүн гэснээс өөрөөр таны тухай ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл алга?

Миний мэргэжлийн тухайд олон нийт мэдээлэл сайтай байгаа байх. Архитектор, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Монголд барилгын чиглэлээр зургаан жил гаруй хугацаанд ажилласан. Түүнээс хойш Японы Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалж, судалгаа хийсэн. Судалгааны сэдвүүдийн хувьд Монгол Улс, Улаанбаатар хоттой холбоотой сэдвээр буюу ялангуяа Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, хөгжлийн бодлого зэргийг олон улстай харьцуулсан судалгаа хийсэн. Ажилласан туршлагын тухайд одоогоор 10 гаруй улсад олон улсын төсөл хөтөлбөр, засгийн газар, яамнуудтай нь хамтарч хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай.

Гэр бүлийн хувьд эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Сурах, судалгаа хийх зэрэгт илүү их анхаараад гэр бүл зохиохдоо үеийнхнээсээ жоохон оройтчихсон байж магадгүй. Аав, ээжээс гурвуулаа, доороо хоёр дүүтэй. Зарим хэвлэлээр намайг эгчтэй гэсэн мэдээлэл гарсан байсан. Эгч бол байхгүй. Айлын том хүү. Саяхныг хүртэл аав ээжтэйгээ цуг байж байгаад, эхнэр маань Японоос ажлаасаа чөлөө аваад ирсэн болохоор эхнэртэйгээ хамт амьдарч байна.

-МАН жагсаалтынхаа нэгдүгээрт яагаад таныг бичих сонголт хийсэн гэж та бодож байна. Магадгүй дэлхийн олон томоохон сургуулиудыг төгссөн яг тантай ижилхэн мэргэжил эзэмшсэн мянга мянган залуучууд байгаа байх. Тэр дотроос та яаж сонгогдсон юм бэ?

Би ч гэсэн яг ямар шалгуураар намайг сонгосныг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн Токиогийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байсан зэргээрээ үнэлэгдэж, шалгуурыг давсан юм болов уу гэж бодож байна. Залуусын төлөөлөл болж, залуучуудад итгэл найдвар өгөх шалгуур байсан болов уу гэж төсөөлж байна. Яг нарийн шалгуур үзүүлэлт юу байсан, яагаад намайг сонгосон талаарх мэдээллийг намын удирдлагаас асууж амжаагүй л байна. Жагсаалтад ямар хүмүүсийг багтаах тал дээр нам дотор хэлэлцүүлэг нэлээд өрнөсөн байх гэж бодож байна. Нэгэнт зоригтой шийдвэр гаргаад санал тавьсан учраас би ч бас саналыг хүлээж авсан. МАН гэлтгүй бусад намуудад ч гэсэн би өөрийнхөө судалгааны ажлын талаар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын шийдлүүдийн талаар цахимаар бичиж танилцуулсан. Тэдгээр дотроос өдийг хүртэл дорвитой санал тавьж байсан нам байгаагүй. МАН-аас жагсаалтынхаа эхэнд нэрийг минь бичиж, өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, шийдлүүдээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгосон нь энэ саналыг зөвшөөрөхөд хамгийн их нөлөөлсөн.

-Та МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн гэдгээ анх хэзээ мэдсэн бэ?

Би яг онгоцноос бууж ирээд л жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн гэдгээ харсан. Надад анх санал тавихад би Туркийн Станбулаас жаахан зайтай Сири тал руугаа хотын сэргээн босголтын төсөл дээр ажиллаж байсан. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 6-нд болсон томоохон хэмжээний газар хөдлөлтөөс үүдэн гамшигт нэрвэгдсэн хотыг сэргээх төсөл дээр ажиллаж байсан юм. Анх МАН-аас тавдугаар сард санал тавихад итгэж өгөхгүй гэх юм уу, тулгамдаад гэх юм уу татгалзсан. Нэр дэвшигчдийн нэрсийг зарлах цаг нэлээд тулчихсан байсан үе. “Дахин нэг өдөр бодоод эргээд хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь зөвшөөрсөн хариу өгөхөд “Нэр дэвшигч материал бүрдүүлж өгдөг учраас ямартай ч Монголд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Станбулаас Улаанбаатарт буусан чинь жагсаалтын нэгдүгээрт өөрийнхөө нэрийг бичигдсэн талаарх мэдээ харсан. Тэр үед анх мэдсэн шүү дээ.

-Нэг талаас сонирхолтой, нөгөө талдаа зүүдэнд ч оромгүй явдал гэж нэрлэж болмоор юм. УИХ-ын гишүүн болно гэдэг зарим хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болдог албан тушаал гэж хэлж болно. Тэгтэл шууд УИХ-ын гишүүн болох боломж танд гэнэтийн байдлаар олдсон гэдэг нь шулуухан хэлэхэд олон хүнд итгэл үнэмшил төрүүлэхгүй байх. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, одоо УИХ-ын даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгалантай та өмнө нь ямар нэгэн байдлаар танил байгаагүй гэж ойлгож болох уу?

Тийм. Таны дээр нэрийг нь дурдсан хоёр хүний хэнтэй нь ч би өмнө нь уулзаж байгаагүй. Харин хотын дарга Х.Нямбаатар болон бусад 3–4 сайд нартай Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг томилох арга хэмжээн дээр уулзаж байсан. Тиймээс тэр хүмүүсээс намайг санал болгосон байх гэж бодож байна.

-Танай ээжийг өмнө нь МАН-аас УИХ-д нэр дэвшиж байсан гэх мэдээлэл гарсан. Танай ээж МАН дотор нөлөө бүхий хүн учраас таныг жагсаалтын эхэнд бичигдэхэд нөлөө үзүүлсэн гэх таамаг өрнөж байсан?

Энэ мэдээлэл худлаа мэдээлэл байна. Манай аав, ээж хоёр хоёулаа Ардчилсан намын гишүүн байсан хүмүүс. Тиймээс МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэх хүний нэрд ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүй. Одоо тэтгэвэртээ гарчихсан болохоор улс төрийн үйл ажиллагаа, намын үйл ажиллагаанд бол ерөөсөө оролцдоггүй.

-УИХ-ын гишүүний тангараг өргөж байх мөчид юу бодогдов?

Яг индэр рүү гарахын өмнө маш их сандарсан. Бусад хүмүүс яаж ёсолж, тангаргаа хэрхэн уншиж байна гэдгийг анхааралтай ажигласан. Тэгээд индэр дээр гараад, тангаргийн үгээ уншиж байхад сэтгэл их хөдөлсөн. “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүхт соёлын уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна” гэж тангараглах мөчид сэтгэл зүйн хувьд нэг хоёр шат ахисан мэдрэмж авсан. Би хариуцлагатай, тууштай байдал, хамтын ажиллагаа гурвыг хувийн амьдрал болоод ажил хэрэгтээ хамгийн их чухалчилдаг. Тиймээс өргөсөн тангарагтаа хариуцлагатай, тууштай, үнэнч байхыг хичээж ажиллана.

-Жагсаалтаар орж ирсэн хүмүүсийг хэн нэгэн өөрсдийг нь оруулж ирсэн, эсвэл санал болгосон хүмүүсийн “кнопчин” болчих вий гэдэг болгоомжлол нийгэмд бий. Хатуухан хэлэхэд таныг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын кнопчин ороод ирлээ гэж харж, хардаж байж болох. Таныг шийдвэр гаргахдаа энэ эрсдэлийг тооцож үзсэн гэж итгэж байна. Та бие даасан, хариуцлагатай, шударга гишүүн байх тал дээр юу хэлэх вэ?

Улс төрд баг, хамтын ажиллагаа чухал гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ ямар бодлого, ямар хууль дүрэм, журам боловсруулж батлуулбал Монгол Улсын ирээдүй, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжтэй байх, хүртээмж нэмэгдэх вэ гэдэгт өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байж, хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах бие даасан байдал, төлөвшил, дархлаа надад бий. Үзэл бодол, үнэт зүйл нэгтэй хүмүүстэй нэг талд зогсож ажиллана. Харин үнэт зүйл, үзэл бодол, итгэл үнэмшлээс минь зөрүү, далий, миний буруу гэж бодсон, хүсдэггүй зүйлийг тулган шаардсан, хамтарч ажиллахыг санал болгосон тохиолдолтой хэзээ ч эвлэрч, бууж өгөхгүй. Дээр хэлсэнчлэн хариуцлагатай байдлыг амьдралынхаа зарчим болгодог учраас УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхний минь араас хариуцлага нэхэгдэх учраас илүү хичээж ажиллана. Тиймээс энэ тал дээр санаа зовохгүй байж болно.

-Та ажилгүй, орон гэргүй хүн болсон гэдгээ хэлж байсан. Орон гэрийн байдал шийдэгдсэн үү. Бас жаахан санаа зовж байна?

Ажилгүй орон гэргүй болсон тухай ярианы хувьд тухайн үед Монголд ирээд 7–8 хонож байсан. Тэр үед бодит нөхцөл байдлаа үнэнээр нь хэлсэн. Одоо УИХ-ын гишүүн гэсэн шинэ ажил албатай болсон байна. Орон сууцны тухайд олон хүн санаа чилээж, “Энэ хүүхдэд нийлж байр авч өгье” гэсэн яриа гарсан байсан. Миний хувьд олон жил гадаадад сурч ажилласан болохоор санхүүгийн хувьд хариуцлагатай, сахилга баттай байдаг бөгөөд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн. Тиймээс ойрын хугацаанд орон сууцынхаа асуудлыг шийдэх бодолтой байна. Энэ асуудалд битгий санаа зовоорой гэж хэлье.

-УИХ-ын гишүүн болно гэхээр их том эрх мэдэл, мөнгө, эрх ашигт ойртлоо гэж хардаг. Танд болоод танай гэр бүлд ямар нэгэн байдлаар төрийн мөнгө, тендертэй холбоотой бизнес хамаарал байгаа юу?

Манай гэр бүлийн хувьд төрөөс тендер авдаг бизнес байхгүй. Миний хувьд ч гэсэн төрөөс тендер авах компани байхгүй. Би компани эзэмшдэггүй. Манай эхнэрийн хувьд ч ямар нэг эрх ашгийн зөрчил байхгүй.

-Гадаадад ажиллаж, амьдрахад УИХ-ын гишүүнээс илүү цалинтай, орчин нөхцөл сайтай амьдрах боломжтой. Гэтэл яагаад цалин бага, шүүмжлэл, хардлага их дагуулдаг УИХ-ын гишүүн болох шийдвэр гаргасан юм бэ?

Миний мэргэжлийн онцлогтой холбоотой. Хот байгуулалтын салбар төр, хувийн хэвшил, иргэд оршин суугчдын оролцоон дээр тогтдог. Өөрөөр хэлбэл нэг компани, эсвэл төр дангаараа хот байгуулах тохиолдол маш ховор. Тиймээс би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд сурч мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулахыг хүссэн.

Үүний тулд бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, цаашлаад зөв голдиролд нь оруулж, хотыг зөв төлөвлөх, нийгмийн, дэд бүтцийн, хотын асуудлууд бодитоор шийдэгддэг болох тогтолцооны өөрчлөлтөд гар бие оролцох сонголт хийсэн. Японд ажиллаж байхдаа Японы засгийн газар болон олон улсын засгийн газартай хамтарч яг энэ чиглэлээр ажилладаг байсан учраас ажлын агуулгын хувьд өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Хувь хүний орлого багасаж байгаа ч эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр, үнэ цэнийг мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй болов уу. Хүн дуртай ажлаа хийхийн сацуу, хийсэн ажлын үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдаад ирэх үед маш их урам авдаг. Тийм л мэдрэмжийг эх орондоо мэдрэхийг хүсэж байна.

-Сүүлийн жилүүдэд бид өөрчлөлт шинэчлэлийн талаар зөвхөн ярьсаар л байна. Хотоо, улс орноо хөгжүүлэх гоё, гоё төлөвлөгөөнүүд ар араасаа цаасан дээр үйлдвэрлэгдэж байна. Үр дүн нь харагддаггүй ажил, төсөл, төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх ямар санал, санаачилга танд байна. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа хот төлөвлөлтийн асуудлын гол алдааг юу гэж харж байна?

Манай улсын хот төлөвлөлтийн тогтолцоо 2–3 том алдаатай байна. Хот байгуулалтын хууль, эрх зүйн орчин, бодлого нь социалист үеэсээ шинэчлэгдэж чадаагүй. Социалист нийгэмд байсан тогтолцоо үргэлжлээд явчихсан. Хамгийн том алдаа нь юу вэ гэхээр хэтэрхий олон төлөвлөгөөтэй. Тухайлбал, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл ч гэж бий. Аль төлөвлөгөө нь юуг зориод байгаа, аль төлөвлөгөөнд ямар төсөв тавигдаад юуг хэрэгжүүлэх гээд байгаа нь тодорхой бус, эсвэл хоорондоо зөрдөг. Зүгээр цаасан дээр биччихсэн нэр төдий зүйл байдаг. Тиймээс төлөвлөгөөнүүдийн уялдааг хангахыг зорьж байна. Хотод амьдарч байгаа иргэн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэгдсэн төлөвлөлттэй, тэр нь хоорондоо уялдаж байж иргэд таатай орчин нөхцөлд амьдрах боломжтой болно. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутаг, аймгийн төвүүд ч зөв төлөвлөлттэй болох боломжтой.

Хоёрдугаарт, иргэд оршин суугчдын амьдрал дарга, албан тушаалтнаас хэтэрхий их хамааралтай байна. Ерөнхий төлөвлөгөөг дарга нар л зохиодог. Иргэдийн оролцоог хангах нэрээр хүмүүсээс санал авдаг боловч зөвхөн бодлогын бичиг баримт дээрээ л авдаг. Бодлогын бичиг баримт бол дунд, урт хугацааны бодлогын бичиг баримт болохоос яг хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоо хангагддаггүй.

-Хотын ерөнхий төлөвлөгөө хуучин социалист тогтолцоогоор яваад байна гэж үү?

Тийм. Хуучин социалист тогтолцооноосоо салаагүй байгаа учраас дээрээс доош чиглэсэн албадлага маягийн хот төлөвлөлтийн тогтолцоотой болчхоод байна. Жишээ нь, олуулаа нийтийн тээврээр явбал түгжрэхгүй гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэтэл нийтийн тээврийн төлөвлөгөө нь иргэдийнхээ хэрэгцээтэй уялддаггүй. Гэрт ойр автобусны зогсоолтой байснаа гэнэт өөрчлөгдөөд шал өөр газар оччихдог. Чиглэл нь хүртээмжтэй биш, зарим хороодод бүр автобусны буудал ч байдаггүй. Иргэдийн оролцоон дээр суурилсан төлөвлөлт хийвэл Улаанбаатар хотын хаанаас ч хаа хүртэл 20–30 минутад л зорчих боломжтой жижигхэн хот шүү дээ. Тиймээс иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал. Иргэдийн оролцоо байдаггүй болохоор төлөвлөгөөнүүд дандаа өөрчлөгддөг. Иргэдийн оролцоо өндөр байвал ямар ч дарга тухайн төлөвлөгөөг дарж, няцааж, өөрчилж чадахгүй.

Мөн төлөвлөгөөнд суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоо байдаггүй. Хот төлөвлөлт сайтай, төлөвлөлт нь яс хэрэгждэг гаднын улс оронд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бичиг баримт батлагдахаар түүн дээр тусгагдсан төслүүдэд таван жилийн дотор төсөв хуваарилдаг. Хэрвээ төсөв тавигдахгүй бол тухайн салбарыг хариуцсан албан тушаалтан хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоотой төлөвлөгөө боловсруулж, тухайн төлөвлөгөөний төсөл арга хэмжээ таван жилийн дотор хэрэгжсэнээр иргэд оршин суугчдын хэрэгцээ хангагдаж, амьдрахад таатай, хүн төвтэй хот бий болдог.

Харин Монголд дээрх гурван зүйл эсрэгээрээ хэрэгжиж байна. Энэ алдааг засахаар Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ажиллах санал өгсөн. Дээрх алдааг засахын тулд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр хуулийн төсөл санаачлах явцдаа бусад гишүүдтэйгээ нам, эвсэл харгалзахгүй хамтарч ажиллах бодолтой байна.

-Иргэд чихэр шиг амлалтад хууртаад залхчихсан байна. Тухайлбал, 20 минутын хот хөтөлбөр одоогийн суурь дэд бүтэц дээр хэрэгжих боломжтой юу?

МАН-ын мөрийн хөтөлбөрийг уншихад 40 гаруй хувь нь миний мэргэжилтэй ямар нэгэн байдлаар холбогдож байсан. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн хэрэгцээтэй хүн болохоор жагсаалтын нэгдүгээрт бичсэн юм байна гэж бодсон. Хоёрдугаарт, би ажлаа аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Нийслэл болон холбогдох газруудтай хамтарч ажиллаж байна.

20 минутын хот бол нийгмийн үйлчилгээ буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, автобусны зогсоол гэх мэт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай асуудал юм. Аль хороо эмнэлэггүй, цэцэрлэггүй байгааг тусгай программын дагуу тооцоолж гаргасан. Цэцэрлэг, сургууль хоёулаа байхгүй хороо одоогоор алга байна. Харин аль нэг нь байхгүй хороо олон байна. Хороо болгоны асуудал, хэрэгцээ, хүртээмж өөр өөр байгаа учраас тухайн хороо бүрд тохирсон төсөл, арга хэмжээг иргэд оршин суугчдын оролцоотойгоор хэрэгжүүлээд явах юм бол хотын олон асуудал бодитоор шийдэгдэнэ.

Мэдээж, иргэд оршин суугчид хоорондоо ойлголцож, санал нэгдэж, хамтрах ёстой. Үүнд хугацаа орж магадгүй. Гэхдээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Хороонд тулгамдаж байгаа асуудлуудаа жижиг гэлтгүй иргэдийн оролцоонд суурилж шийдээд, цаашлаад хотынхоо өмнө тулгамдаж байгаа том асуудлыг шийдээд явбал амьдрах орчин сайтай хот болно гэж итгэж байна. Үүний төлөө ажиллана.

-Хэрэгжүүлэхийг зорьж байгаа төсөл, хөтөлбөр дээр төсөв тавиулах, түүнийгээ хамгаалж үлдэх гэдэг амаргүй. Туршлагатай ах, эгч нарт төсвөө булаалгачихгүйн тулд бас тодорхой хэмжээний манлайлал шаардах байх?

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу тогтолцоонд том өөрчлөлт гарсан. Миний хувьд аль нэг тойргоос сонгогдоогүй, Монгол Улсын нийт иргэдээс сонгогдсон төлөөлөл гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа бөгөөд түүнийгээ маш сайн ухамсарлаж байгаа. Манай улсын төсвийн хувьд, үр дүнд суурилаагүй учраас хэтэрхий данхайсан гэж хардаг.

Өмнөх парламентыг харж байхад тойргоос сонгогдсон гишүүд ямар нэгэн байдлаар тойрогтоо төсөв тавиулах нь чухал болохоос үр ашгийг нь тооцдоггүй сул тал ажиглагдсан. Тухайлбал, хүн ам цөөн бүс нутагт хэт том сургууль, эмнэлэг барьчихдаг. Эргээд үйл ажиллагаа, менежмент, арчилгаа, засварыг нь хийж чадахгүй. Тиймээс бүсчилсэн хөгжилтэй холбоотой мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүсийн хөгжилд үр дүнгээ өгөх аж үйлдвэрийн парк, үйлдвэрлэл, үйлчилгээ, төлөвлөлт дээрээ түлхүү анхаарч төсөв мөнгийг тарамдуулахгүй үр дүнтэй зарцуулахад анхаарч ажиллана. Бүх намын мөрийн хөтөлбөрт эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, төсвийн алдагдлыг бууруулах зорилт туссан байсан. Тиймээс төсөв батлах үеэр үндсэн үзэл санаанаасаа зөрсөн, ухарсан зүйл ярьж байгаа гишүүн байх юм бол тэдэнд иргэдэд амласан амлалтыг нь сануулна. Төсвийн алдагдлаа багасгаж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг авчирна гэж сонгогдсон гэдгийг дахин дахин сануулна.

-Эцэст нь нэг л зүйл асууя. Монголчууд “Нүд улаан мөнгө цагаан гэдэг”. Цаашид танд том эрх ашиг, том мөнгө, албан тушаал санал болгоход таны энэ итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй гэх баталгаа байгаа юу?

Миний хувьд хариуцлагатай байж, хамт олон, хайртай хүмүүсийнхээ өмнө харц өндөр байхыг эрхэмлэдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар явцуу эрх ашигт автаж авлига, хээл хахуульд оролцоод явбал надад итгэдэг, намайг хайрладаг бүхэн надаас холдоно. Дотны хүмүүс маань миний авлига хээл хахууль, шударга бус зүйлийг жигшдэг зан чанарыг харсан болохоор өнөөдрийг хүртэл хамт байгаа байх. Надад итгэдэг хэн бүхний итгэлийг, мөнгө төгрөг, эрх мэдэл, албан тушаалаар солих шийдвэр хэзээ ч гаргахгүй.

Олон жил гадаадад ажиллаж амьдарч байхдаа бусдын адил цагийн ажил хийж сургалтын төлбөрөө төлж, амьжиргааныхаа зардлыг олдог байсан. Бакалаврт сурч байхдаа долоо хоногт гурван ажил зэрэг хийдэг байсан. Мастер, доктортоо Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан. Юу хэлэх гээд байна гэхээр энэ бүхэн надад санхүүгийн хариуцлагатай байдлыг суулгаж, хөгжүүлж өгч чадсан гэж боддог. Олон жил их бага ч орлогоосоо хуримтлуулж ирсэн дадал, зуршил байгаа учраас төрийн мөнгөнөөс, түмний боломжоос хулгайлахгүйгээр амьдралаа болгоод явах санхүүгийн боломж надад бий. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг эх орныхоо өөрчлөлт шинэчлэлтэд зориулж, зорьж, хүсэж байгаа зүйлийнхээ ард гарах мэдрэмжийг дахин нэг авъя л гэж бодож байна. Тиймээс авлига, ашиг сонирхлоос ангид байх тал дээр өөртөө 100 хувь итгэлтэй байна.

2024 оны 07 сарын 08, Даваа гараг
News.mn-д өгсөн ярилцлага
(Үг хэллэгийг бага зэрэг зассан болно)

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet

Write a response