Үр дүнд суурилсан төлөвлөлт, төлөвлөгөөнд суурилсан төсвийн хөрөнгө оруулалт, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй.

Тогтолцоо зөв байж хөгжил ирнэ.

Luka Ganzorig
9 min readFeb 22, 2025

-Парламентын сонгууль түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, та МАН-аас нэг номерт жагсаж УИХ-ын гишүүн болсон. Өмнө нь та засгийн газрын үйл ажиллагааг их шүүмжилдэг байсан. Дотор нь ороод ажиллахад ямар байна?

Би өмнө нь засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байсан. Өөрийн хөтөлдөг блогтоо нам харгалзахгүй буруу болон зөв шийдвэр, шийдлийн талаар санаа бодлоо хуваалцаад явдаг байсан.

МАН-ын тавьсан саналыг зөвшөөрч, жагсаалтын нэгдүгээрт жагсаж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болж дотор нь ороход манай улс бүхий л шатандаа эх орноо хөгжүүлэх юмсан гэсэн бодолтой, түүний төлөө хичээж байгааг биеэр мэдэрч байна. Харин хоорондоо ойлголцолд хүрч, бүрэн хамтарч ажиллаж чадахгүй тал харагдаж байна. Үүнээс үүдэж салбар хоорондын уялдаагүй байдал үүссэн гэж харсан. Тиймээс олон жил тогтсон энэ салбар, яам, орон нутаг хоорондын уялдаагүй байдлыг засах хэрэгтэй.

Миний хувьд энэ ажлыг хийхийн төлөө тодорхой зүйл хийж чадна гэж бодож байна. Жишээлбэл, Нийслэлд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, авто замын мастер төлөвлөгөө, нийтийн тээврийн ерөнхий төлөвлөгөө зэргээр их олон төрлийн төлөвлөгөө байдаг. Гэтэл эдгээр нь хоорондоо уялддаггүй. Тиймээс нэг төлөвлөгөөтэй болж, хоорондын уялдаа холбоог хангах хэрэгтэй байна. Гишүүдтэй уулзаад хот төлөвлөлтийн талаарх ойлголтыг өгч, ярилцаад явж байна. Уулзаад явахаар хүн бүхэн л Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэхийг хүсэж байна. Гэвч харилцан ойлголцолгүйн улмаас эдгээр ажлууд гацдаг юм болов уу гэж анзаарсан. Тиймээс үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөгөөтэй байж үүндээ зориулан төсвөө тусгаад явъя гэдэг саналыг гаргаж байгаа.

-Одоо 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна?

УИХ-ын гишүүн болоод нэг зүйлийг мэдэж авсан. Тэр нь манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй юм байна. 2025 оны төсвийг одоо хэлэлцэж байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Эдгээрийг хэмжих зөв шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл.

Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан зүйл төсвийн төсөлд олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яамны цахилгааны шөнийн хөнгөлөлт. Шалгуур үзүүлэлтээ хөнгөлөлтөд хамрагдаж буй өрхийн тоо гэж байгаа юм. Хөнгөлөлт олгож байгаа гол зорилго бол агаарын бохирдлыг бууруулах шүү дээ. Бид утааг бууруулахын тулд нүүрс түлүүлэхгүй байхын төлөө цахилгааны үнийг хөнгөлж байгаа. Гэтэл шалгуур үзүүлэлт буюу үр дүнгээ хэмжих зүйл дээрээ “Аль болох олон өрхийг хөнгөлөлттэй цахилгаанаар хангана” гэсэн байна.

Мөн Соёлын яамны жишээ бас байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн зорилт бүхий ажил байгаа юм. Шалгуур үзүүлэлт дээрээ соёлын салбарт ажилладаг хүмүүсийн хувь хэмжээг бичсэн байна. Үүний оронд ДНБ-д эзлэх соёлын салбарын хувь гэдэг байдлаар зорилтоо тавих ёстой. Гэтэл иргэдийн 20 хувь нь соёлын салбарт ажиллах ёстой гэчихсэн. Таван хүний нэг нь дуулж, хуурдах ёстой болж байна шүү дээ. Үүнээс харахад төсвийн шалгуур үзүүлэлтүүд логикийн хувьд алдаатай байгаа юм. Тиймээс үүнийг зөв төлөвлөж, шалгуур үзүүлэлтүүдээ засах ёстой. Ингэхийн тулд эхлээд хүрэх үр дүнгээ тавиад үүний тулд ямар төсөл, хөтөлбөр хэчнээн төгрөгөөр хэрэгжүүлэхээ тавьж, түүнийгээ хэмжиж ажиллах ёстой гэсэн үг. Ямар үр дүн хүлээж байна яг түүндээ л төсвөө зарцуулмаар байна. Тойрогтоо ийм зүйл хийчих юм сан гэдэг байдлаа больж нийгэмд хэрэгтэй үр дүнд хүрэх зүйлүүдэд төсвөө зарцуулъя. Мөн бид төсвөө дунд хугацаагаар төлөвлөдөг болох хэрэгтэй.

Жишээлбэл, манай том төслүүд 10 гаруй жил гацдаг. Үүний шалтгаан нь жил жилээр төсөвлөдөгт байгаа юм. Нэг төслийг хөдөлгөе гээд 10 хувийн төсвийг тэр жил олголоо гэхэд дараа жил нь түүнийгээ үргэлжлүүлэх төсөв байхгүй болчихдог. Үүнээс үүдэж том төслүүд гацдаг. Тиймээс нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслийн төсвийг дунд хугацаандаа буюу 3–5 жилээр төсөвлөж чадвал амжилттай хэрэгжих магадлал өснө. Энэ хоёрыг хийвэл төр засаг солигдсон ч төслүүд маань урагшлаад явах боломж бүрдэнэ.

-Таны хувьд Японы засгийн газрын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ нь улс төрийн ажилд тань дөхөм байгаа байх?

Засгийн газрын ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт орж ажилласан. Би өмнө нь Японы засгийн газрын бодлогын баримт бичиг боловсруулах төсөл дээр ажиллаж байсан. Тиймээс шалгуур үзүүлэлтүүдийг яаж тогтоодгийг мэддэг болохоор ажиллаад үзье гэж бодсон. Гэтэл яамнуудын боловсруулсан төсөл, арга хэмжээний шалгуур үзүүлэлтүүд нь логикийн алдаатай байсан. Өөрөөр хэлбэл, мөнгө үрэх нь зорилт болчихсон төсөл хөтөлбөрүүд байгаад байна. Энэ алдааг арилгахаар ажлаа эхлээд явж байна. Ирэх дөрвөн жилд салбар хоорондын уялдаа болон үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт дээр анхаарч ажиллана. Мөн өөрт оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар биелүүлнэ.

-Улс төрч байхад хүндрэлтэй зүйл нь юу байна?

Өнөөдрийн байдлаар хүндрэлтэй зүйл алга. Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр ачаалалтай ажилласан. Тодруулбал, ирэх дөрвөн жилийн засгийн газрын хөтөлбөр зохиоход ажлын хэсэгт нь орж ажилласан. 24 цаг хуралдах зэрэг ачаалал ихтэй байсан ч өмнө нь иймэрхүү ачаалалтай ажилладаг байсан болохоор харьцангуй гайгүй байсан. Мөн тараагдаж байгаа хуулийн төсөл зэрэгтэй цаг алдалгүй танилцдаг. Чуулган болон байнгын хорооны хуралдаа сууж байхдаа цаг алдахгүйн үүднээс dparliament-ыг идэвхтэй ашигладаг. Аль болох бүх ажлыг амжуулахыг хичээж байна. Манай улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжууд харагдаад байгаа учир ажилдаа дуртай байгаа. Төр түмнийхээ төлөө зүтгэх ажил таалагдаж байна.

-УИХ-ын гишүүн болсны дараа таныг одоогийн 20 минутын хот үндэсний хорооны даргаар очих гэж байна гэх яриа гарсан. Тэр зүгээр л явган яриа байсан уу. Эсвэл танд үнэхээр санал тавьсан уу.

Тэр зүгээр л хүмүүсийн яриа байсан. Намын удирдлага болон Ерөнхий сайдаас надад ямар нэг санал ирээгүй. Тухайн үед таныг сайд болгоно гэсэн үнэн үү гэж сэтгүүлч асуухад нь би “Надад шийдэл бол байгаа. Санал тавивал бодож үзнэ” гэж хэлж байсан. Миний хувьд Монголдоо удаан амьдраагүй зэрэг сул тал байж магадгүй. Тиймээс хийж чадах хүнд нь тус хороог даалгасан байх. Гэхдээ 20 минут Үндэсний хорооны ажлын хэсэгт ороод ажиллаж байна.

-Та хэдэн ажлын хэсэгт ажиллаж байна. Засгийн газрын 14 мега төслийн үр дүнг мэргэжлийн хүний нүдээр юу гэж харж байна?

Би улсын их хурлын зургаан ажлын хэсэгт ажиллаж байна. Тэдгээрээс нэгийг нь ахалж байна. Тодруулбал, хот тосгоныг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн бодлогыг хэрхэх вэ буюу тус бодлогын талаар санал, дүгнэлтийг боловсруулан ажиллаж байна. Мөн 20 минутын хот Үндэсний хорооны үзэл баримтлалын бичиг баримтыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Ерөнхий сайдын ахалж байгаа Үндэсний баялгийн сан, орон сууцны Үндэсний хороонд гишүүнээр ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл бол дэд бүтэц гэж үзэж байгаа. 14 мега төслийг дэмжиж байгаа. Эдгээрээс хамгийн чухал нь эрчим хүчний салбарын реформ гэж харж байна. Мөн боомтын сэргэлт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслүүдийг дэмжиж байгаа. Гэхдээ оновчтойгоор, төсөвт ачаалал өгөхгүй байдлаар төлөвлөж явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хот байгуулалт, үйлдвэржилтийг хийхэд дэд бүтцийн асуудал тулгамдсан бэрхшээл болоод буй. Тиймээс 14 мега төслийг эрчимжүүлэхээр болсон. Тэгвэл эдгээрийг өнгөрсөн хугацаанд яагаад хийгээгүй вэ гэвэл манай ДНБ өсөлтгүй байсантай холбоотой. Өнгөрсөн жилээс манай ДНБ таван мянган ам.долларт хүрч эдийн засаг сэргэж байна. Ийм боломжийг ашиглах ёстой гэж бодож байна.

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байгаа гэж байна. Шинээр барьж буй хотхонууд улсын сургууль, цэцэрлэггүй баригдаад байна. Үүнийг олон улсад яаж шийдсэн байдаг юм. Манай улсын хувьд эл асуудлыг шийдэх ямар боломж байна?

20 минутын хот Үндэсний хорооны үзэл баримтлалын төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах даалгаврыг надад өгсөн нь дээрх асуудалтай холбоотой байх. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь дэд бүтэц гэж хэлсэн дээ. Өөр нэг зүйл нь салбар хоорондын бодлого уялдахгүй байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, хийж буй ажлууд нь үр дүн дээр суурилахгүй бүгд тус тусдаа хэрэгжиж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 30 жилд 76 гишүүн парламентад сонгогдож, тойргийнхоо л асуудлыг ярьж, ажилласаар ирсэн. Үүнээс үүдэж хэн гэдэг сайд хаанаас гарна тэр аймаг дүүрэгт л сургууль цэцэрлэг баригддаг байсан гэсэн үг. Хүн төвтэй хот төлөвлөлт, бүтээн байгуулалт төдийлөн хэрэгжээгүй. Тиймээс 20 минутын хотын үзэлт баримтлалыг боловсруулахдаа үүнийг анхаарч байгаа. Улаанбаатар хотыг 14 хот болгон хувааж, хорооны нэгжийг байхгүй болгон, дүүргийг хотын нэгж рүү дэвшүүлэхээр төлөвлөж, иргэдийн оролцоот хот байгуулалтын тогтолцоог бий болгоно. Ингэснээр хүнд төвтэй хот бий болно гэж мэргэжлийн хүний нүдээр харж байна.

20 минутын хот гэдэг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, нийтийн тээврийн зогсоолд 20 минутын дотор хүрдэг төлөвлөлт юм. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Ирэх оноос орон нутгийн засаг, захиргаа, түүний нэгжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр 21 аймгийн төвд байдаг сумууд байхгүй болж хотын зэрэглэлтэй болно. Налайх, Багануур, Багахангай дүүргүүд ч мөн адил хотын статустай болно. Хот гэдэг статустай болсноор юу хийх ёстой талаар 20 минутын хотын үзэл баримтлалд тусгаж өгч байгаа. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн асуудлыг хэн хариуцах вэ гэдгийг нарийвчлан зааж өгнө. Яам нь хариуцах юм уу эсвэл хот нь хариуцах юм уу гэдгийг тодорхой зааж өгч, татвар болон татаасны бодлогыг уялдаатай, бие даасан байдлаар шийдэх эрх зүйн шинэчлэлтийн бэлтгэлийг хийнэ. Ирэх сараас эхний байдлаар олон нийтэд танилцуулж, санал асуулга авна.

-Одоо дүүргүүд хэдэн төрлийн татвар, татаас авдаг вэ. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Дүүргүүд хүн амын орлогын албан татвар, газар ашиглалт, үл хөдлөхийн албан татвар авч байгаа. Энэ гурван татварыг авч байгаа цагт аж ахуйн нэгжүүдийг дүүрэг рүү татахад хүндрэлтэй учраас байгууллагын төлдөг татвараас тодорхой хувийг орон нутагт олгох нь зүйтэй. Газар олголт, барилгажилт эрчимжсэн ч үүний цаана сургууль цэцэрлэг, ажлын байрны асуудал орхигдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар олгох нь дүүргийн асуудал, барилгын зөвшөөрөл олгох нь хотын асуудал, сургууль, цэцэрлэг барихад салбарын яамнууд оролцдог учраас бүх талууд хамтарч ажиллах ёстой байдаг. Төр болон орон нутгийн засаг захиргаа хоорондын уялдаа холбоогүйгээс иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Тиймээс үүнийг нэгтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутагт нь үлдээдэг больё. Ингэснээр аж ахуй нэгжийг дуудахын тулд аймаг хотын удирдлагууд, төлөөллүүд хичээж, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажилладаг болно. Аж ахуй нэгжийн албан татвар нь ороод ирэхээр дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн ажилдаа хөрөнгө оруулдаг буюу цогц уялдаа холбоотой бодлоготой болно гэж харж байна.

-Иргэд оршин суугчдын саналыг сонсоно гэж байна. Олон улсад хот төлөвлөлт дээр иргэдийн саналыг сонсдог уу?

Мэргэжлийн хүмүүс дангаараа хотыг төлөвлөөд, улс төрчид төсвийг төлөвлөнө гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн чухал нь иргэдийн саналыг авах чухал байдаг. Бид нийслэлтэй хамтраад судалгаа хийсэн. Одоогийн байдлаар 4000 хүн хамрагдсан байна. Ингэхдээ 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд “Та 20 минутын дотор ямар үйлчилгээ авахыг хүсэж байна” гэдэг санал асуулгыг олон улсын жишгээр явуулсан. Үр дүн нь маш сонирхолтой байсан. Жишээлбэл, Лондон хотын судалгаагаар авахыг хүсэж буй үйлчилгээний 1-т автобусны буудал, 2-т шуудангийн газар гэж гарч байсан бол Улаанбаатар хотын иргэд 1-т тоглоомын талбай, 2-т ногоон байгууламж гэж хариулсан байсан. Хотын оршин суугч, иргэн болгон өөр хэрэгцээтэй гэдгийг эндээс харж болно. Энэ удаад түүврийн аргаар санал авсан бол цаашлаад Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд болон нийслэлийн хот болгон дээр энэ аргачлалаар иргэдээ сонсож, хэрэгцээнд нь нийцсэн бодлогыг гаргаж ажиллах үндэс суурийг нь бий болгохоор ажиллаж байна.

-Олон улсад хэдэн хүн тутамд сургууль, цэцэрлэг байна гэж заасан байдаг вэ?

Монголд нэгдүгээр ангиасаа 12 дугаар анги төгсөх хүртлээ нэг сургуульд сурдаг. Харин япон зэрэг бусад улсад бага болон дунд, ахлах сургуулийн байр нь тус тусдаа байдаг. 6000–9000 мянган хүн амтай нэгж хорооллын дунд бага сургууль нь байрлах бөгөөд 400–500 хүүхдийн суудалтай байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд хичээлдээ өөрсдөө яваад очиж чаддаг учир бага сургуулиас арай тархай байж болох жишээтэй. Яг үүн шиг бид бага, дунд сургууль гэх зэргээр нэгжээр төлөвлөх нь зүйтэй. Олон улсад ихэнх сургуулиуд нэг ээлжээр хичээллэж байна шүү дээ. Өглөө 08:00–14:00 цаг хүртэл хичээллээд, үдээс хойш бүгд дугуйланд явдаг. Ингэж байж оюун санаа, бие бялдар, гоо зүйн мэдрэмжийг зэрэг хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Харин одоо нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль ес байна. Тэд орой 20:30 цаг хүртэл хичээллэж байна шүү дээ. Энэ нь боловсролын чанар, эрүүл, аюулгүй байдал гээд бүх талаасаа асуудал. Тиймээс бид хот төлөвлөлтөөр 1–5, 6–9, 9–12 дугаар анги гэж хувааж бага сургууль төвтэй байхаар хотыг төлөвлөх тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр эцэг эхчүүд бага ангийн хүүхдээ 20 минутад алхаад хүргээд өгчих боломж бүрдэнэ гэсэн үг. Харин дунд, ахлах ангийн хүүхдүүд автобусаар сургуульдаа очиж болно. Гаднын ихэнх орнууд ийм байдаг. Ингэснээр бид өглөө бүр хүүхдээ хүргэж өгөх гэж түгжирдэггүй болох боломжтой болно. Ийм тогтолцоо руу орох боломжтой.

-Таны хэлж буй санал, санаачилгаас хэдэн хувь нь биелэх боломжтой вэ?

Хот төлөвлөлтийг хамгийн багадаа таван жилээр төлөвлөж, төсөвлөдөг. Тэгвэл дээрх ажлыг 10–20 жилээр төлөвлөөд, таван жилийн дараа гэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох зэрэг зорилт тавиад явах боломжтой. 10 жилийн дараа нийслэлийн бүх сургууль нэг ээлжээр хичээллэдэг, бүх хүүхэд спортоор хичээллэдэг болох боломж бий. Хэрэгжихгүй байх эрсдэл бас бий. Энэ нь төр иргэд оршин суугч, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсохгүй, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хийхгүй байх тохиолдолд юм. Төр болон иргэд оршин суугчид үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлтийг урт хугацаандаа тууштай хэрэгжүүлж, олон нийтэд ил тод байдлыг хангаснаар энэ эрсдэл үгүй болно. Иргэдийн саналыг тусгаж, оролцоотой байлгаснаар энэ ажил урт хугацаандаа хэрэгжих боломжтой гэж харж байна.

2024 оны 10 сарын 29, Мягмар гараг
Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага
(Үг хэллэгийг бага зэрэг зассан болно)

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet

Write a response