Өчүүхэн Монгол

Цэвэр цус хэнд ч хэрэггүй.

Luka Ganzorig
4 min readJun 30, 2020

Нэг найз байдымаа. Нэг гэж нэлээн хэд. Монголд төрөөгүй юм зайлуул. Зарим нь Монголоор хэдхэн үг мэднэ. Гэхдээ Монголд их элэгтэй. Болдог бол Монголдоо амьдрах юмсан гэнэ.

Чатаар бичихдээ “Нутаг буцхымсан, Монгол яаж байна? Ирэх зун очиж хорхог боодог шорлог идье” гэж мэндэлнэ.

Тал нутагтаа айраг тамшаагаад, цагаан гэртээ гал түлээд, хонь хурга бэлчихийг харж, морь унан адуу хурааж, үнээ сааж, ааруул базах юмсан. Тэнгэр дүүрэн одтой шөнө зүлгэн дээр хэвтээд “Алсад суугаа ээж”-ийг сонсох юмсан гэж байнга ярина. Сайхан нутаг минь, сайхан байгал минь гэж шагшин магтана.

Ингэж ярьдаг найз маань Өвөр Монгол. Аав нь эрлийз, ээж нь Монгол. “Ааваараа овголдог ч сэтгэл зүрх минь Монголруугаа л тэмүүлдэг” гэж халахаараа цийлэгнэн ярина.

Түүнтэй танилцахдаа би 21-той байв. Монгол битгий хэл дэлхий хүртэл санаанд багтаад “Үзүүлээд өгнө өө” гэдэг нас. Тухайн үед найзынхаа яриаг гүйцэд ойлгодоггүй байжээ.

Анх танилцсан өдрөө “Төрсөн цагаасаа л хүний нутагт байгаа юм шиг санагддаг байсан. Сургууль төгсөөд ажилд орж, анхны амралтаараа Монгол явсан” гэж гайхуулан ярьж байсныг тодхон санана. Түүнтэй нөхөрлөөд нэлээд хэдэн жил болжээ. Тэр одоо гэр бүл, үр хүүхэдтэй. Гэвч ойрд Монгол буцмаар байна гэж ярихаа больсон. Сүүлд түүнтэй халбага пиво уухдаа учрыг асуув.

Монгол бол миний эх орон гэж боддог ч Монгол хүмүүс намайг нутгийн хүүгээ гэж боддоггүй.

Хамгийн сүүлд Монгол буцахдаа эртнээс таньдаг найзуудтайгаа уулзаж, хол ойрын сонин сайхан ярьж, цагийг сайхан өнгөрөөж байсан ч, нэг нь агсам тавьж, хужаагийн шээсээр нь дуудан өвчигнөж гарчээ. Олны дунд харанхуй хүн байх ч, бусад Монголчууд бүдүүлэг найзыгаа өмөөрч, зайлаарай чи гэсэн байгаа юм. (найз маань уухаараа олон янзын зан гаргадаггүй)

Ганц бие байхдаа “Ийм хүмүүс байдаг” гээд тэвчдэг байсан. Одоо гэр бүлтэй болсон учраас Монгол явах бол дагуулж явахаас өөр аргагүй. Гэтэл хүүхдүүдэд минь адил зүйл тохиолдвол би яах вэ? Гудамжинд учир зүггүй хужаагаар дуудаад үзэн ядвал яах уу? Хүүхдүүддээ адил зүйл тохиолдохыг би хүсэхгүй байна гэж сэтгэлээ уудлан ярьж өгөв.

Түүний энэ яриаг сонсоод бидний аархал, сагсуурал, хэнхэглэл, бардамнал бусад Монгол туургатан ах дүүст ямар хүндээр тусч, гомдоож, эх нутгаа гэсэн сэтгэлрүү нь ус цацдагийг яс махандаа тултал ойлгов.

Цэвэр цус гэж юу юм?

Ямар цусыг Монгол цус гэдэг юм? Зүсээд юүлвэл бүх хүн адилхан улаан цустай бус уу? Миний мэдэхийн 4 бүлгийн цус байдаг болохоос Америк цус, Хятад цус, Орос цус байдаг гэж хэзээ ч сонсоогүй.

Хүн төрөлхтөний түүхэнд цэвэр цус ярьсан улс оронд олигтой зүйл тохиолдож байгаагүй.

Гитлерийн Герман 2 хуваагдаж, үнсэн товорго болж, Зүүн Герман тусгаар тогтнолоо алдсан. Пол Потын “Улаан Хмер” хүн амынхаа 25%-ыг хядаж, харийн орны тусламжаар аллага зогссон ч 20 жил эрхшээлд нь орсон. Осман Туркуудын Арменийг хядсан хядлага аажмаар өргөжиж, дайны улмаас хаант улсыг задран унахад хүргэсэн.

Эсрэгээрээ олон үндэстнийг хүлээн зөвшөөрч, олон талт байдлыг хүлцсэн соёл иргэншил байнга цэцэглэж ирсэн. Сингапур нэг жишээ нь. Хятад, Араб, Энэтхэг үндэстнээс бүрддэг ч өөрсдийгөө Сингапурчууд гэдэг. Америкууд ч бас арьс өнгө, шашин шүтлэг, хэл усаараа өөр ч бид USA л гэдэг.

Чингисийн Монгол ч бас олон талт байдал=Diversity-г хүлээн зөвшөөрдөг байсан.

Marco Polo, 1254–1324

Марко Пологийн тэмдэглэлд “Нэг хотод олон үндэстэн эв найрамдалтайгаар аж төрж, худалдаа наймаа цэцэглэж, гар урлал хөгжиж, олон соёлын нэгдэл үүсч, тэр бүү хэл 3 том шашны лам нар нэг өргөөнд ном хаялцаж байсан” гэсэн байдаг. Бид олон талт байдлыг хүлээн зөвшөөрдөг байсан учраас л дэлхийн талыг эзэлж, олон жил төвхнүүлж чадсан гэж боддог. Цэвэр цус ярьж өвчигнөсөн бол хэзээ ч амжилт олохгүй байсан.

Гэтэл өнөөдөр бид яагаад ийм өчүүхэн сэтгэхүйтэй болчихов? Таалагдахгүй нэгнээ хужаагийн эрлийзээр нь дуудаж, зөв бичиж чадахгүй хэвтэж Өвөр Монголчуудыгаа хэлгийгээр нь шоолж, Буриад, Дөрвөд, Халимаг, Казакын нүүдэлчин ах дүүсээ Халх биш гэж ад үзээд амжилт олох уу? Энэ яг хэнд хэрэгтэй юм? Дошон дээрээ уужуу байж болдоггүй юм уу? Танихгүй ч гэсэн зорьж ирсэн зочинд аяга цай, тавгийн идээ амсуулаад буцаадаг Монгол ёс хаачсан юм?

Ийм өчүүхэн байдал биднийг мөхөлд хүргэнэ үү гэхээс хөгжил цэцэглэл авчрахгүй.

“НҮҮДЭЛЧДИЙН ЭХ ОРОН БОЛ МОНГОЛ” гэж дэлхийд зарласан ч яадым. Угаасаа мөн юм чинь. Ирсэн зочдын хийморь сэргэж, хамрын самсаа шархирч, “Монгол бол яах аргагүй эх орон минь юм” гэтэл нь сайхан үйлчлээд буцаая.

Яс яривал Өвөр Монголчууд биднээс баян. Тэгээд бүр 5 саяуулаа. Буриад, Халимаг 1 сая. Уйгар, Хасаг, Ойрд 10 сая. Түүх, ёс заншил, соёл урлаг, lifestyle-аараа бидэнтэй ойролцоо 20 орчим сая хүн Азид аж төрдөг. Энэ бол бидний БОЛОМЖИТ ЗАХ ЗЭЭЛ. Үүнээс жилдээ 5%-ыг жуулчнаар авахад 1 сая давна. 1 жуулчин дор хаяж 1000$ унагаад явна. Манай улс багаар бодоход 10% хөгжинө гэсэн үг.

Тэгэхээр одоо энэ цэвэр цус, эрлийз хурлийз гэсэн утгагүй яриагаа болиод ХҮНИЙГ ХҮНЭЭР нь хүлээж авч суръя.

Үргэлж таны Лука.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (1)

Write a response