Өөрийгөө олох уу? Эсвэл бүтээх үү?

Эхлээд сонсъё.

Luka Ganzorig
4 min readJul 15, 2021

Зуны халуун өдөр байлаа. Гадаа тоглонгоо дүүгээ харах ахын үүргийг биелүүлэн, элсээр бөмбөг хийж хооронд нь мөргөлдүүлж тоглодог насан дээрээ байв. Тэр жил манай байрны цахилгаан хуваарилагчийг барилгачин ах нар янзалж байсан юм. Өндөр, туранхай, шөрмөслөг бор ах нар элс шигшиж, цемент зуураад, зуурсан цементээрээ тоосго өрнө. Элсэн бөмбөгөө яаж хүчитгэх үү гэж өдөр шөнөгүй боддог дүү бид хоёрт тун сонирхолтой. Хааяа найзуудаа мартаад ах нарын шавар зуурахыг нүд салгалгүй ширтэнэ. Нэг өдөр ганцаараа элс шигшиж байсан ах “Хийж үзэх үү?” гэхэд нь ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрөөд 5-ын нүхтэй төмөр тороор шигшиж гарав. Ах хажууд тоосго өрөнгөө “Өшөө шигш, ахиад шигш, ухайс” гэж магтана. Дүү бид хоёр ч магтаалд нь хошгороод тэнд байсан бүх элсийг шигшиж дуусгав. Ах “Эндээ байж бай, дэлгүүр орчоод ирье” гээд хэсэг алга болсноо, цехээс урсах шахам шингэхэн мөхөөлдөс гурвыг авч ирээд дүү бид хоёрт нэг нэгийг өгч, гурвуулаа зэрэгцэж суугаад юу ч ярилгүй долоож гарав. Халуун өдөр “их ажлын” ард гарсан энэ мэдрэмж миний дотор тодхон үлджээ. Одоо бодох нь ээ анх удаагаа авч байсан “цалин” энэ зөөхийн зайрмаг байж.

Бага насандаа хамгийн хайртай байсан хүн маань эмээ минь байв. Уулзахаар очих болгонд хамар дээр үнэрлээд “Өндөр хамартай болоорой” гэж ерөөнө. Өндөр настай, тэтгэврээс өөр орлогогүй эмээ минь “Хүүдээ чихэр авч өгөх мөнгөтэй ч байсан болоосой” гэж хэлэхэд нь нулимс асгарах шахав ч, дотроо түгжээд “Эмээдээ үнсүүлэх нь чихэр идэхээс ч гоё” гэж хэлдэг байлаа.

Эмээгийнхрүү явахдаа ордны хойд талын цэцэрлэгээр дайрна. Тэр үед хэн ч орж болдог нээлттэй, цэвэрхэн, цэцэг ногоо нь дэлгэрсэн сайхан цэцэрлэг байв. Олон юм ойлгохооргүй жоохон байсан ч, орос хээтэй бүтээлэг дэвсэн интоорын компот хувааж идэх хос, талх хиам зүсээд хүүхдүүддээ тарааж өгөх ээж, ажлын завсраар нарлангаа тамхилах төрийн албан хаагчийн дүр сэтгэлд тодхон үлджээ. Аз жаргалын хамгийн энгийн илэрхийлэл байсан болохоор одоо ч мартагддаггүй байх.

15 насны хавар. Арлын Япон оронд сурах бичиг авсан би эмээдээ баяртай гэж хэлэхээр очив. Цагаан сараар золгоход нүүр дүүрэн мишээж байсан эмээгийн харц цаанаа нэг л гунигтай. Олон үг хэлэлгүйгээр толгойг минь илнэ. Надад ч олигтой үг олдсонгүй “Эмээ биеэ бодоорой” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Сургуульд сурах нөхцөл “3 жил ямар ч тохиолдолд буцахгүй” гэсэн хатуу гэрээ байв. Наян насыг зооглосон эмээ маань төгсөөд ирэхэд сүүтэй цайгаа сүлээд зогсож байна гэж найдавч, дотроос нэг зүйл “Боломжгүй” гэж хэлнэ. Эмээгийнхээс гарахын алдад “Хүүгээ иртэл амьд байх юм болов уу даа” гэж ганц өгүүлбэр хэлэхэд нь хоёр нүднээс нулимс асгарав. Эмээтэйгээ дахин уулзахгүй гэдгээ зөн совингоороо мэдэрч, түгжиж чаддаг нулимсаа барьж дийлсэнгүй.

Ахлах сургуульд орсноос хойш хагас жилийн дараа олон шөнө дараалж хар даран зүүдэлж, 7 хоногийн дараа ээжээс “Эмээ нь өнгөрчихлөө” гэсэн захидал ирэв. Дусал нулимс ч гарсангүй. Тэр өдөр эмээгийнд бүгдийг нь шавхсан байх. Үгүй, тийм байгаасай.

Эмээ минь бие сайтай, тэнхээтэй хүн байсан ч автобусанд суухдаа адгуу жолоочийн буруугаас хаалгаар орж амжилгүй унан, замын бордюрт толгойгоо хагалж цус алдаад, түүнээс хойш бие нь сульдаж өвчин ороосоор хорвоог орхисон гэж сүүлд ээжээс сонсов. Хааш нь, хэнд гаргахаа мэдэхгүй харуусал, уур, гомдол цээжин дотор одоо ч эрчилдэнэ.

Аав ээж маань эдийн засагч, аялал жуулчлалын салбарт ажилладаг. Айлын том хүү мэргэжлийг нь өвлөнө гэж битүүхэндээ хүсэж байсан байх. Багаасаа ажилд нь тусалдаг байсан надад ч бас сонирхолтой санагддаг байв. Гэсэн ч их сургуульд элсэж мэргэжлээ сонгох үед яагаад ч юм барилга хот байгуулалтын салбарт орох ёстой юм шиг санагдаад архитектор мэргэжлийг сонгож билээ. Мэдээж гэр бүлтэйгээ зөвлөлдөөд гаргасан шийдвэр боловч, миний хувьд бага насанд тохиолдсон эдгээр дурсамжуудын нөлөө том байсан байх.

Энэ салбарын тогоонд ороод 10 жил өнгөрчээ. Анхны ажил сарын 300,000₮ цалинтай хэцүүхэн гараа болж байсан ч эргээд харахад сайн дарга, багшийн доор чамгүй зүйлийг сурч, мөр зэрэгцэн ажиллаж сурсан хамт олноосоо эрч хүчийг авсандаа талархаад баршгүй.

Үүнийг бичиж байгаа гол зорилго бол “Хүн өөрийгөө олдог уу эсвэл бүтээдэг үү?” гэсэн асуултад өөрөө өөртөө хариулах билээ. Аль нь зөв гэдгийг хэлж мэдэхгүй ч, ямагт өөрийгөө сонсох нь чухал. Бага насны дурсамж сэдэл болж, ажиллаж сурах явцдаа өөрийгөө бүтээх олохыг зэрэгцүүлж, туршлага хуримтлуулах явцдаа алсын хараа болон ойрын зорилгоо хослуулан тодорхойлох хэрэгтэй байх.

Миний хувьд ямар ч насны хүн эх орондоо эрүүл, аюулгүй, ая тухтайгаар ажиллаж амьдарч, сурч боловсорч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой орчинг аль ч хот тосгон сууринд бий болгох нь алсын хараа бол, энэ орчинг бий болгох нөхцөлийг олон хүнд ойлгуулж, оролцоотой байх нь хамгийн чухал зүйл гэдгийг өөрийн хүрээллээсээ эхлэн түгээх нь гол зорилго билээ.

Эмээд минь тохиолдсон шиг золгүй явдал хэнд ч битгий учраасай. Нэг ч гэсэн хүүхэд хөхөө өвлийн хүйтнээр тэрэг түрж усанд битгий яваасай. Бүх хүн цээж дүүрэн амьсгалах цэвэр агаартай байгаасай. 3 ээлжээр хичээллэдэг сургууль битгий байгаасай. Хүүхэд бүрд цэцэрлэг ясли хүртээмжтэй байгаасай. Цэвэрхэн, шуурхай нийтийн тээвэртэй байгаасай. Ямар ч хүнд эрүүл мэндийн үйлчилгээ тэгш хүрээсэй. Тэргэнцэртэй, хүүхдийн тэрэгтэй, өсгийтэй гуталтай, дугуйтай бүх хүнд ээлтэй хот байгаасай. Бүх хүн оролцоотой байгаасай.

Та өөрийгөө олсон уу? Эсвэл бүтээж байна уу?
Аль нь ч байсан өөрийгөө сонсохоо мартуузай. Танд амжилт хүсье.
Үргэлж таны Лука

Girl with balloon by Banksy, Итгэл найдвартай байх нь чухал. Түүнийгээ зорьж алхах нь бүр чухал.

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾