Өөрийгөө чөлөөл

Зорилгоо олоход тань дусал нэмэр.

Luka Ganzorig
2 min readDec 4, 2020

Та хэнээс урмын үг сонсохыг хүсдэг вэ? Хэн таныг магтвал та хамгийн их баярладаг вэ? Эцэг эх, хань ижил үү? Эмээ өвөө юу? Ажлын хамт олон эсвэл хүндэлж явдаг хүн үү? Эсвэл facebook-ын like, instagram-ын зүрхний тоо таныг аз жаргалтай болгодог уу?

Бид багаасаа аав ээж, ах эгч дүү нартаа сурсан эрдэм авъяасаа үзүүлж, гаргасан амжилтаараа бахархуулж, тэднийхээ хайр энэрэлийг хагас бүтэн хүртэж өсдөг. Тэд ч бас бидний сайн сайхны төлөө алдвал зэмлэж, оновол сайшаадаг. Онц авбал магтуулж, муу авбал загнуулна.

Бид нэг л мэдэхэд хайртай хүнийхээ магтаалын төлөө өөрийгөө дайчилдаг болон төлөвшдөг. Нас нэмэхийн хэрээр бидний таашаагдахыг хүсдэг хүрээлэл тэлж, эсвэл солигддог. Хамт олныхоо хүндлэл, дэмжлэг, итгэлийг хүртэх; ухаангүй дурласан түүнийхээ сэтгэлийг татах; гэр бүл хайртай хүмүүсийнхээ төлөө хамаг бүхнээ зориулдаг.

Заримдаа бид хүссэндээ хүрдэг ч ихэнх тохиолдолд санаснаар болдоггүй. Хамаг чадлаараа хичээсэн ч тэднийхээ итгэлийг алдах үе байдаг. Унаж бүдрэхэд “Зүгээрдээ” гээд урмын үгээр түшиж босгох нэгэн байхад огт тоолгүй өнгөрөх хүн, эсвэл эмзэг сэтгэл дээр зэмлэж шүүмжлэн дэвслэх нэгэн ч байдаг. Хүнд үед бидний дотор “Яагаад?” гэсэн хариултгүй асуулт байнга эргэлддэг.

Хамгийн цөхөрмөөр зүйл бол бид амжилт гаргахын хэрээр тэдний үнэлэмжийн босго өсдөг. Өчигдөр гаргасан амжилт өнөөдөр хуучирч маргааш мартагддаг. Тэд илүү их амжилтыг битүүхэн хүсэж түүгээрээ биднийг дөнгөлдөг. Гэхдээ тэд үүнийгээ анзаардаггүй. Бид ч бас. Илүү их хайр энэрэл, магтаал, урмын үг, хүндлэл, шагнал, одон медалийн төлөө бид бие биедээ хоосон шалгуур тавьж, бусадтай харьцуулж, хэнд ч хэрэггүй дүгнэлтийг ил далдаар илэрхийлдэг. Энэ бүх утгагүй зүйл бидний сэтгэлийг бага багаар хэмлэж, туйлдуулдаг. Сайн мэдээгүй өдөр, энгийн нэг долоо хоног, ахицгүй сар, амжилтгүй жилийг бид муу зүйл мэт боддог. Гэвч амьдрал өдөр бүр тэмцэл, өдөр бүр хичээл зүтгэл, өдөр бүр шалгуур байдаг.

Заримдаа байрандаа байхын тулд хамаг хурдаараа гүйх хэрэгтэй болдог.

Магтаал, урмын үг, хүндлэл.
Энэ бүхэн хий хоосон зүйл. Яагаад гэвэл танаас шалтгаалахгүй учраас. Өөрөөс шалтгаалахгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоох утгагүй. Бидний хайртай хүмүүс бидний төлөө сайн сайхныг хүсдэг ч, энэ нь эсрэгээрээ бидний хүлээс болдог.

Энэ бүхнээс өөрийгөө чөлөөл.
Нийгмээс өөрийгөө чөлөөл.
Амьдралаас өөрийгөө чөлөөл.
Бусдаас өөрийгөө чөлөөл.
Хүлээлтээс өөрийгөө чөлөөл.
Өөрөөсөө өөрийгөө чөлөөл.

Чөлөөлж чадсан цагт та туйлын хүслээ олно. Хэн нэгний магтаал, сайшаал, хүндлэл, шагналын төлөө бус өөрийн сэтгэлийн угаас гарах чин хүслийг олно. Тэгж чадвал та өөрийгөө чин сэтгэлээсээ ойлгож, хайрлаж, өөрийн зорилгодоо үнэнч байж, түүнийхээ төлөө 100% зүтгэнэ.

Жинхэнэ аз жаргал бусдаар хүлээн зөвшөөрөгдөхөд оршдоггүй.
Жинхэнэ амьдрал өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт эхэлдэг.
Жинхэнэ зорилго зөвхөн өөрийн л зорилго байдаг.
Жинхэнэ аз жаргал өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд эхэлдэг.

Та хүүхэдтэй бол түүнийхээ гаргасан амжилтыг бус ялсан ч бай ялагдсан ч бай “дуртай зүйлдээ өөрийгөө зориулж байгааг” нь шагнаж урамшуулаарай.

Та хайртай хүнийхээ амжилтыг бус, “аз жаргалтай байгааг” нь сайшааж магтаарай.

Харин та өөрөө бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн төлөө амьдраарай.

Жинхэнэ зорилго өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд оршино.
Та чадна.

Photo by Josue Escoto on Unsplash

Үргэлж таны Лука.
/2020.12.04/

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾