LoveUB, Шийдэл 1

Түүхэн хот, Дурсгалт хот, Баатар хот

Luka Ganzorig
2 min readAug 16, 2021

“Хуучин халтар барилгаа нураа, ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн бодолтой хүн мэргэжлийнхэн дунд ч цөөнгүй байгаа нь харамсалтай. Арчлахгүй бол ямар ч барилга хог болно. Mашинаа засдаг шиг барилгад ч арчилгаа хэрэгтэй.

Бага тойруу, Гандан орчим бол үеийн үед өвлөгдөж явах ёстой УБ-ын суурь дүр төрх. Гутлын 22 (Өглөөний гудамж), Хэвлэлийн үйлдвэрийг (Галлериа) жоохон тордоход ямар болж байгааг та харсан байх.

Эхний зурагт нурааж байгаа барилга бол Монголын анхны орон сууцны барилга. Орчин үежих төрийн бодлогоор бидний өвөө эмээ нар хөлс хүчээ шингээн барьсан барилга. Паалан жорлонд сууж, крантаас халуун ус гоожиж, ажилдаа цагаан захтай явдаг амьдралын хэв маягийн эхлэл.

Соёлжсон Монгол энэ барилгаас эхэлсэн

Төрийн алба, улс төрчид, хувийн хэвшлийнхэн зөвхөн зоосны нүхээр харж УБ-ыг сүйрүүлж байна. Бага тойруугүй бол УБ зүгээр нэг Хятадын дундаж хэмжээтэй хотоос ялгаагүй болно. Бага тойруугүй бол УБ баатар биш зүгээр улаан хот болно.

Ашгаас өөр зүйл харж чаддаггүй хүмүүс байж болно. Гэхдээ Монголын Архитекторуудын Эвлэл, олон жил багшилж байгаа багш нар юу ч ярихгүй, дуугарахгүй байгаа нь Монголын архитектурын салбар ямар сул дорой, арчаагүй, мэргэжлийн үнэт зүйлгүйг илтгэж байна.

Орчин үеийн хүний нийгэм үүсэхэд Эмч, Хуульч, Архитектор гурав чухал үүрэгтэй байсан. Та бүхэн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй эмч, шүүгчийг жигшдэг шигээ тийм архитектор байвал бас жигшиж байгаарай.

#Шийдэл
Хотын төвд өндөр оффис шинээр баригдаад байвал түгжрэл улам ихэснэ. Бага тойрууд 4-с дээш давхар барилга барихыг хориглож, Яармагийг шинэ хотын төв болгох бодлогоо хэрэгжүүлбэл зохистой.

Хуучин барилгуудаа авч үлдэж, үнэ цэнийг иргэдэд ойлгуулж, гадаад дотоодын аялал жуулчлалд ашиглавал чамгүй ашиг олно.

Жишээ болгож Английн Оксфорд, Токиогийн бага тойруу буюу Омотэсандо-гийн барилга, гудамжний дүр төрх хэрхэн хадгалагдаж үлдсэн зургийг орууллаа.

Харанхуй бүдүүлэг хүн л түүхрүүгээ нулимдаг.

Үргэлж таны Лука
(2021.08.07 FB post-оо оруулав)

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾