Авлига, хээл хахууль

Юу нь буруу юм?

Luka Ganzorig
5 min readAug 7, 2021

Авлига, хээл хахуулийг нийгмийн хорт хавдар гэж олон хүн хэлдэг боловч яагаад гэдгийг тайлбарласан хүнтэй таарч байсан уу? Авлигатай улс орон яагаад хөгждөггүй юм бол?

Авсан хүний амьжиргаа сайжирч, өгсөн хүний ажил бүтнэ. “Буруу зүйл байхгүй юм биш үү?” гэж санагдаж байсан уу? Эсвэл буруу гэж боддог ч өөр бодолтой хүнд ойлгуулахад хэцүү байсан уу?

Тийм бол та бид хоёр адил юм байна.

Эмо бодолдоо автаж суухдаа юу эсийг эргэцүүлэхэв. Эх орныг минь самарч байгаа авлигын талаар гүнзгийрүүлж бодсон, уншсан зүйлийнхээ дүгнэлтийг тантай хуваалцая.

1. Авлигаар олсон хөрөнгө далд ордог.
Эдийн засаг эргэж байж бидний амьдрал сайжирдаг. Судсаар цус, голоор ус урсахтай адил. Зогсвол хүн үхэж, гол булингартана. Мөнгө бидний цус, голын ус шиг урсан эргэлдэж байх ёстой. Шударга хөдөлмөрөөр олсон мөнгө эдийн засагт байнга эргэлддэг. Банканд хадгалсан ч банк цааш нь хүмүүст зээлүүлж тогтмол эргэлттэй байлгадаг.

Харин авлигаар олсон хөрөнгө тогтмол орлого биш бөгөөд баригдвал хураалгах учраас эдийн засгаас далд ордог. Дахин хэзээ “гэнэтийн” орлого орж ирэхийг мэдэхгүй авлигач хөрөнгөө аль болох нуун дарагдуулдаг. Мэргэжлийн хяналтын байцаагч оймсондоо мөнгө нуудаг шиг. Хээл хахууль газар авах тусам эдийн засгаас алга болох хөрөнгө улам ихэсдэг.

Монгол улсын эдийн засагт нийт 100 төгрөг эргэлддэг гэж төсөөлье. Үндсэндээ GDP гэсэн үг. Гэтэл төрийн алба, улс төрчид авлига аваад цааш нь далд хийгээд байвал бидний нийт хөрөнгө 90, 80, 70 гээд багасна гэсэн үг. Оффшор данс ч бас адил. Монголд эргэлдэж байгаа хөрөнгийг гадагш нь гаргах тусам манай нийгэм доройтно.

Авлига авч, өгч буй хүний тоогоор Монгол хүн ядуурдаг.

Photo by Tima Miroshnichenko from Pexels

2. Авлигаар бий болсон хөрөнгө ажлын байр үүсгэдэггүй.
Шударгаар бизнес эрхэлж, хөдөлмөрлөдөг хүн ашиг олох тусам урам авч бизнесээ өргөжүүлэхийг эрмэлздэг. Компани томрох тусам олон хүнийг ажилд авч, олон айлын амьжиргаа сайжирч, ажилгүйдэл буурдаг. Илүү олон хүн архинаас гарч, нэг ч гэсэн гэр бүл хөдөлмөрийн үр шимийг хүртэж, олон хүүхдүүд санаа зовох зүйлгүйгээр хичээл ном, сонирхолдоо шамдаж ирээдүйгээ бүтээдэг.

Харин авлигаар олсон хөрөнгө зөвхөн далд ороод зогсохгүй өөрийгөө арвижуулах чадваргүй болдог. Авлигаар баяжсан хүн 100 байв ч шинээр 100 ажлын байр үүсдэггүй. Хээл хахууль авсан хүн өөрийн “аз эсвэл шантаажаар” олсон хөрөнгөө арвижуулахын тулд хүн ажилд авдаггүй. Харин ч шударгаар хөдөлмөрлөж буй хувийн хэвшлийг холгож, улам их мөнгө завшиж, эрүүл бизнесийг хохироож, тэдний үүсгэж болох шинэ ажлын байрнаас хумсалдаг.

Авлига бол шударга хөдөлмөрийг шимэгч.

3. Гарааны бизнест хамгийн том гай болдог.
Та гуанз нээхээр төлөвлөж байна гэж төсөөлье. Зардлаа тооцоод, хоолны үнээ гаргаад, орлогоо тодорхойлно. Мөнгөө банканд хадгалуулснаас ашигтай байвал та гуанзаа нээнэ. Гэтэл нэг өдөр мэргэжлийн хяналтын байцаагч ирээд таны тооцоогүй зардлыг нэхээд танайхыг хаана, торгоно гээд байвал ямар вэ? Хамаатны дүү, найзыгаа туслах тогооч, зөөгчөөр ажилд авцан байдаг. Нэхээд байгаа мөнгийг нь өгөхөөр ирэх сар цалин өгч чадахгүй болох гээд байдаг. Эсвэл ашиггүй ажиллах болоод хүүхдүүдийн тань царай нүдэнд харагдаад байдаг.

Зөвхөн хоол гэлтгүй бусад салбарт иймэрхүү жишээ тохиолддог. Ийм байхад шинээр бизнес эхлүүлье гэж хэн бодох вэ? Ялангуяа нийгмийн олонхийг ажлын байраар хангадаг жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст маш том чөдөр болдог (ЖДҮ). Том бизнес мөнгөтэй учраас нэхсэнийг нь өгөөд бизнесээ үргэлжлүүлнэ. Ингэснээр орлогын ялгаа улам гаарч, цөөхөн баячууд баахан ядуу хүн амьдардаг тогтворгүй нийгэм бий болдог.

Танил тал арын хаалга ч мөн адил. Танилгүй байх нь мөрөөдлөө эхлүүлэхээр зорьж буй хүмүүст чөдөр болдог. Ардчилсан, эрх чөлөөт, зах зээлийн нийгэм бүх хүнд адил тэгш хандаж, боломжоор хангаж байх ёстой. Ямар ч том дарга, улсын байцаагч хүний хөдөлмөрлөх хүслийг хааж боох эрхгүй.

Мэргэжлийн хяналт, улсын комисс, тусгай зөвшөөрөл олгодог газрууд салбарын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой болохоос хааж боох байгууллага биш. Дээрх газруудад ажилладаг зарим албан хаагчид үүнийгээ ухамсарладаггүй учраас салбараа холгож, доройтуулж, дундаж цалингийн хэмжээ өсөлгүй, гадаадад гарч ажиллах хүсэлтэй хүний тоо олширдог.

Авлига хүний хүсэл мөрөөдлийг мохоодог.

4. Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэг.
Дээр дурдсан 100 төгрөгийг эргэн саная. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл энэ тоо 110, 120, 130 гээд ихэснэ. Энэ хэмжээгээр бидний амьжиргаа сайжирна. Аливаа төсөлд хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчид бүх зардал, ашиг, үр шимийн тооцоогоо гаргаад, тэр нь баттай тохиолдолд хөрөнгөө оруулдаг (гадаадын гэлтгүй дотоод ч бас). Гэтэл авлигыг урьдчилан тооцох боломжгүй. Ямар дарга, албан хаагч нь хэзээ хэдэн төгрөг нэхээд суухыг мэдэхгүй.

Та дэлгүүрт орлоо гэж бодъё. Ямар ч бараан дээр үнэ байхгүй, кассан дээр 5 хүн суугаад 5 өөр үнэ хэлээд байвал тэр дэлгүүрээс юм худалдаж авах уу? Гадаадын хөрөнгө оруулалт үүнтэй яг адил. Тэдэнд Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам гээд олон сонголт байдгийг санах хэрэгтэй. Тэд бидний өрсөлдөгч.

Манай засгийн газар, зөвшөөрөл олгодог байгууллагууд хэдий хэмжээний төлбөр төлбөл ямар хугацаанд бизнесээ эхлүүлэх боломжтойг гадаад гэлтгүй Монголчууддаа ч ил тод болгосноор дээрх 100 төгрөг арвижиж, эдийн засаг сайжирч, бидний амьдрал дээшилнэ.

Тодорхой байна гэдэг энгийн мэт боловч чухал зүйл. Хоёр хүний хоорондын харилцаа ч бас тэгдэг шүү дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүнтэй харьцахад ямар төвөгтэй байдаг билээ. Авлига үүнтэй яг адил.

Авлига тодорхойгүй байдал үүсгэдэг.

Авлигатай бус авдаг хүмүүстэй, авч өгөх нөхцөлийг бүрдүүлж буй тогтолцоотой тэмцье. Зургийг эндээс.

Авлигын хор уршгийг товчхон тайлбарлах гэж оролдлоо. Санал нийлж байвал доорх шийдлийн хамт өөртөө болон ойр дотнын хүмүүстээ тогтмол сануулж, хээл хахуулийг цаг ямагт жигшиж байхыг уншигч танаас хүсье.

  1. Бүх салбарын стандарт, шаардлага, зөвшөөрөл авах хугацаа, үйлчилгээ авах төлбөрийг ил тод болгох. Мэдээлэл бүх хүнд нээлттэй, үнэгүй байх.
  2. Авлига авсан хүнд л эрүүгийн хэрэг үүсгэдэг байх. Хувийн хэвшил авлига өгөх гэж оролдсон ч, төрийн албан хаагч авдаггүй байх орчинг бий болгох хэрэгтэй.
  3. Салбарын хөгжилтэй уялдуулж тухайн салбарын төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх. Ингэснээр мэргэжлийн хяналт, төрийн байгууллагууд жинхэнэ утгаараа салбарын хөгжлийн төлөө ажиллах бололцоо бүрдэнэ.
  4. Коронагийн улмаас олон бизнес үүдээ барьж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байна. Гарааны бизнес эхлүүлэгчдийг тодорхой мэдээллээр хангаад зогсохгүй, шаардлага стандарт зөрчсөн тохиолдолд шууд хааж торгох бус засаж залруулах хугацаа олгох хэрэгтэй. Мөн аливаа зөвшөөрөл олголтыг цахимжуулж, түргэн шуурхай болгон, хариуцаж буй төрийн албан хаагчийг заасан хугацаанд ажилладаг болгох хэрэгтэй. Хувийн хэвшил амжилттай, ашигтай ажиллаж байж улс орон хөгжих боломжтой гэдгийг ямагт санах хэрэгтэй. Учир нь тэд л нэмүү өртөг үүсгэдэг.

Авлига авч, өгч буй хүний тоогоор Монгол хүн ядуурдаг.
Авлига бол шударга хөдөлмөрийг шимэгч.
Авлига хүний хүсэл мөрөөдлийг мохоодог.
Авлига тодорхойгүй байдал үүсгэдэг.
Авлига нь боломж, бүтээх хүслийг хулгайлдаг.

Алхам тутамдаа авлига, хээл хахууль, арын хаалгыг жигшиж, харсан тохиолдолд болиулахыг хичээж, сэтгэлдээ сэвтэй амьдрахыг нь сануулж байя.

Үргэлж таны Лука.

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾