Доороос-дээш чиглэсэн иргэдийн оролцоот хот төлөвлөлт

2021.11.30-нд iToim-д өгсөн ярилцлагаас

Luka Ganzorig
11 min readApr 18, 2022
  • Ярилцлагаа таны ажил, боловсрол карьерын түүхээр эхлүүлцгээе. Японд олон жил суралцсан гэж дуулсан?

Дэлхийн хэмжээний хүн биш ч гэсэн намайг урьсанд баярлалаа. Би Япон улсад 12 жил орчим сурч, судалгаа хийсэн. Токиогийн Политехникийн Их Сургуульд архитектор мэргэжил эзэмшиж, төгсөлтийн ажлаа “Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалт” сэдвээр хамгаалсан юм. Энэ үед намайг удирдсан багш “Сонирхолтой сэдэв байна. Нутаг буцахаар чинь гэр хорооллын талаар хамт судлая” гээд 2011 оноос хойш жил бүр судалгаа хийдэг болсон. Гэр хороолол бол иргэд өөрсдөө бий болгосон гэж хэлж болох суурин соёл юм.

Бакалавраа төгсөөд Монголдоо ирж 5 жил ажиллахдаа Багануурын их сургуулиудын хотхон, Оюутолгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төслүүд дээр ажиллахдаа олон зүйлийг сурч мэдсэн. Энэ хугацаанд ажил болон судалгааны хүрээнд хариуцаж, хамтарч ажилласан төслүүдийн хэрэгжилт төдийлөн сайн биш байлаа. Нэг үгээр гэр хорооллын тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ур чадвар минь дутагдаж байсан юм. Иймээс дахин номын дуу сонсож, хот төлөвлөлтөөр мэргэшихээр буцаад Япон явсан. Улмаар Токиогийн их сургуульд мастераа хамгаалж, докторын зэргээ гардан авч, нутагтаа ирээд сар гаруй болж байна.

  • Токиогийн их сургуульд суралцахдаа ихэвчлэн Улаанбаатар хот дээр төвлөрч судалгаа хийдэг байсан юм билээ. Ингээд судлан явахад бусад улсаас хот төлөвлөлт дээр ямар сонирхолтой зүйлс анзаарагдсан бэ?

Суралцах хугацаандаа Монголруу чиглэсэн судалгаа хийдэг байсан. Ялангуяа докторт “Пост социалист орнуудын хот төлөвлөлтийн тогтолцооны хөгжлийн талаар судалж, Хятад, Вьетнам, Монгол гэсэн гурван улсыг харьцуулсан. Социалист орны хот төлөвлөлт нь иргэдийн оролцоогүй, бүхий л бүтээн байгуулалтыг төр төлөвлөж, хэрэгжүүлж, бүх хөрөнгийг улс өмчилдөг онцлогтой. Ингэхдээ улсаас нийгэм эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө боловсруулж, үүнд бүх яам, төрийн өмчит компаниудын төлөвлөгөөг тусгаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл зохицуулдаг. Товчхондоо салбар тус бүрийн төлөвлөгөөнд чухал ач холбогдол өгдөг гэсэн үг. Мөн “Бүгд ижил тэгш байна” гэсэн зарчим үйлчилж орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэгэн жигд хэв маягаар баригддаг.

Харин ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн амын шилжилт хөдөлгөөнийг чөлөөлж, нүүж суух нь хувь хүний эрх чөлөө болж, иргэд хүссэн газарлуугаа нүүдэг болсон. Ялангуяа хот суурин газрыг зорих хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Манай улсын хувьд илүү орлого олж, амьдралаа дээшлүүлэх хамгийн боломжит хот нь Улаанбаатар байсан. Нийслэлийг чиглэх хүн амын тоо өсөхтэй зэрэгцээд гэр хорооллын хүрээ бага багаар тэлсэн. Өмнөх нийгэмд хүн амын хөдөлгөөнийг тодорхой тоогоор зааж, түүндээ тааруулж орон сууц, дэд бүтцээ шийддэг байсан бол 1990 оноос Улаанбаатар хотын хүн ам жилд дунджаар 6%-р өссөн. Гэвч орон сууцны тоон өсөлт 1%-д ч хүрэхгүйн дээр дийлэнх иргэд худалдан авах боломжгүй өртөгтэй байдаг. Ингээд зөрүү таван хувь нь яалт ч үгүй гэр хороололд амьдрахаас өөр сонголтгүй болдог. Хотжилтын энэ дүр зураг зөвхөн Улаанбаатарт бус Хятад, Вьетнамын хотуудад мөн ажиглагдсан. Үндсэндээ төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих үед хүн амын хөдөлгөөн идэвхжиж, төвлөрөл бий болдог гэсэн үг. Хятадад зөвшөөрөлгүйгээр байшин барилга барьж, эмх цэгцгүй болсон хот олон бий. Вьетнамд ч мөн адил дэд бүтэц шийдэгдээгүй газрыг барилгажуулж асуудал болсон жишээ их бий.

Мөн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг төр болон яам хариуцахаа больж, орон нутгийн засаг захиргаа голлох үүрэг гүйцэтгэдэг болсон боловч иргэдийн оролцоог төдийлөн сайн дэмжээгүй. Хот төлөвлөлтөд мэргэжлийн байгууллага, мэргэжилтний гаргах шийдвэр чухал боловч нөгөөтэйгүүр оршин суугч, ард иргэдийн оролцоо бүр илүү чухал байдаг.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үндсэн суурь нь тэгш байдал болон зардлаа хэмнэх явдал байдаг. Харин чөлөөт зах зээлд өрсөлдөөн болон ашгаа нэмэгдүүлэхийг чухалчилдаг. Шилжилтийн үр дүнд баян ядуугийн ялгаа гардаг. Гэр хороололд хашаа ч үгүй гэрт амьдардаг нэг хэсэг байхад Зайсанд орд харш шиг орон сууцанд амьдардаг хүмүүс байна. Ялгаатай нийгэм бий болох нь хэвийн үзэгдэл боловч, зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг нэгт тавьж сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, дэд бүтцийн хүртээмжийг анхаарахгүй байсаар утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг олон асуудал орхигдсоор ирсэн. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувь хотын урд хэсэгт төвлөрч, гэр хороолол дэд бүтэцгүй байсаар удаж байна. Жишээ нь өнөөдөр гадаа цас ороод хүйтэн, хальтиргаатай байхад гэр хороололд хүүхдүүд тэрэг түрээд усанд явж байна. 21-р зуунд хот ийм байх ёсгүй. Бид үндсэн зарчмаа ярьж, суурь асуудлуудаа шийдэх ёстой.

Товчхондоо өрсөлдөөнд суурилсан чөлөөт зах зээлийн нийгэмд эдийн засгийн ашгийг хэт чухалчилсан хот байгуулалтын тогтолцоо бий болж, зарим иргэдийн эрх ашиг орхигдсон. Нийгмийн ийм давхаргын оролцоог хангасан хүртээмжтэй хот төлөвлөлтийн тогтолцоо нь Монгол төдийгүй бусад пост социалист орнуудад хэрэгтэй болоод байгаа.

  • Улаанбаатарт суурьшаад, амьдрах явцад танд ажил мэргэжлийн талаасаа ч юм уу юу юу ажиглагдаж байна. Бид асуудалтай гэдгийг нь мэдсэн ч хэвшмэл болсон зүйлс юу байна вэ?

Японд суралцаж байх хугацаандаа олон удаа Монголдоо ирж судалгаа хийдэг байсан. Анх судалгаа хийж эхэлсэн үе буюу арван жилийн өмнөхийг одоотой харьцуулахад яг хуучны түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал хэвээрээ байна. Дарга нар гэр хорооллын дахин төлөвлөлт гэж арав гаруй жил ярьсан ч одоог хүртэл шийдэж чадаагүй байна. Яах вэ, Яармаг, Зайсанд олон орон сууц баригдсан байна. Гэвч гэр хорооллын хүрээ тэлсээр байна. Бид эдийн засгийн өгөөжийг хэт түрүүнд тавьж, тохь тухтай амьдрах боломжоо алдсаар байна. Нэг үгээр баян цатгалан айл байлаа гээд гэр орон нь зуун задгай бол сайхан амьдрал биш л дээ.

Бас хүмүүс түгжрэлдээ дасаад бүр эвлэрчихсэн юм шиг санагдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шаардлага ерөөсөө тавихгүй байна. Хувьдаа машинтай бол болно доо гээд амьдарч байна. Уг нь цэвэрхэн тухтай нийтийн тээврээр бүгдээрээ явдаг болчихвол хотын хаанаас ч төврүү 15 минутанд явах боломжтой шүү дээ.

Анзаарсан сайн зүйлсээс гэвэл “Хашаандаа сайхан амьдарья”, “Ger-HUB” зэрэг иргэдийн санаачлагатай олон төсөл хөтөлбөр, хөдөлгөөн хэрэгжиж, айлууд хашаандаа мод, ногоо тариад гоё болж байна. Гэхдээ зөвхөн өөрийн хашаагаар хязгаарлагдаж байгаа тал ажиглагдсан. Хөршүүдээ уриалаад бүгдээрээ хамтарвал гудамжаа ч бас цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах боломжтойг анзаарахгүй байх шиг.

  • Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний задаргааг харахад зам өргөтгөх, газар чөлөөлөлт, төлбөртэй граж, тулгуурт гүүрэн байгууламж зэрэг гэж байсан. Та үүнтэй танилцсан уу. Ер нь эдгээр ажлыг хэрэгжүүлснээр хэр түгжрэл буурах боломжтой гэж харж байна вэ?

Засгийн газраас жил бүр 420 тэрбумыг нийслэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон нь сайшаалтай хэрэг. Одоо үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Миний хувьд зарим шийдэлд эргэлзэж байна. Жишээ нь гүүрэн тулгуурт нийтийн тээврийн чиглэлийг харахад Яармагаас-Ботаникруу чиглэсэн байсан. Нийтийн тээврийн сүлжээний гол зорилго бол хүн ам ихтэй хотхон, хорооллыг ажлын байр төвлөрсөн хэсэгтэй холбох байдаг. Улаанбаатарын хувьд хотын төв буюу бага тойрууг-Зайсан, Яармаг, Баян Монгол хороолол орчим, Нарны хороолол зэрэг оршин суугч ихтэй хотхонтой холбох хэрэгтэй гэсэн үг. Яармаг хүн ам ихтэй ч оршин суугчид нь Ботаникруу биш хотын төв рүү чиглэнэ гэж бодож байна. Тэгэхээр дээрх чиглэл нь бодит хэрэгцээтэй уялдаагүй байна гэсэн үг. Би нарийн судалгааг нь хараагүй л дээ. Гэхдээ аливаа судалгааг хорооны түвшинд оршин суугч хаашаа явах хэрэгцээтэй байгааг тодорхойлохоос эхлэх нь зүйтэй.

Мөн би гүүрэн тулгуурт байгууламжийн хувьд сөрөг бодолтой байдаг. Учир нь хотын үзэмжийг эвдэж, муухай болгодог. Олон сая хүн амтай том хотуудад бол байж болох юм. Улаанбаатарын хувьд тийм их хүн амтай биш бөгөөд харьцангуй нягтаршсан хот. Түгжрэлийн ганц асуудал нь хүн их амьдардаг суурин бүсийг-хотын төвтэй хүртээмж сайтай нийтийн тээврээр холбоогүйд байгаа юм.

Түүнчлэн гүүрэн тулгуурт нийтийн тээврийн дэд бүтэц өндөр өртөгтэй. Суурь багана олон босгодог. Жишээ нь Тайландад 1996 онд яг ийм төслийг Хонгконгийн хөрөнгө оруулалтаар хийж байсан. Гэвч Азийн эдийн засгийн хямралаас болж төсөл гацсан. Дараа нь Тайландууд өөрсдөө үргэлжлүүлэхээр судалгаа хийсэн боловч хэрэгцээгүй чиглэл байсан учраас бүтээн байгуулалт зогссон. Одоо хэдэн босоо багана л үлдсэн. Анхнаасаа судалгаагүй, хорооны түвшинд шийдэл гаргалгүйгээр, дээрээс-доош чиглэсэн хэлбэрээр өндөр өртөгтэй төсөл эхлүүлсний гор ингэж гарсан. Гол нь хүмүүс тогтмол очдог газар нийтийн тээвэр хүрдэг байх ёстой. Яг ийм түүх давтагдах вий гэдгээс болгоомжилж байна. Гэхдээ хөтөлбөрийг нийтэд нь үгүйсгэмээргүй байна. Дугуйн зам, явган замыг сайжруулах төслүүд бас байсан. Энэ бол их зөв. Бид алхах боломжтой, хүндээ ээлтэй хотод амьдармаар байгаагаас биш машинд зориулсан хотод амьдармааргүй байна шүү дээ.

  • Таны бодлоор замын түгжрэлийг шийдэж болохуйц ямар дорвитой арга замууд бий вэ?

Сая хэлснээр манай улсад дээрээс-доош чиглэсэн, захиргаадсан хот төлөвлөлтийн тогтолцоо голлоод байна. Ийм хот төлөвлөлт ихэнхдээ бүтэлгүйтдэг. Өмнө нь бид дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг, метро зэрэг олон төсөл ярьсан. Энэ бүгд дээрээс-доош чиглэсэн иргэдийн оролцоогүй хот төлөвлөлт юм. Үүнд хий дэмий мөнгө зарцуулж үр дүнгүй хоцорсон. Энэ бүгдийг бидний төлсөн татварын мөнгөөр хийж байгаа шүү дээ.

Зөв шийдэл бол доороос-дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоонд шилжих юм. Энэ нь хорооны хурлаас эхэлдэг бөгөөд, оршин суугчид хоорондоо “Манай хороонд амьдардаг оршин суугчдын хэдэн хувь нь хотын төврүү ажилдаа явдаг, эсвэл ийшээ явдаг, гэтэл чиглэл байхгүй байна, автобусны зогсоол хол байна” гэх зэргээр асуудлаа ярилцаж Нийслэлд хандах явдал юм. Ингэснээр оршин суугчдад хамгийн тохиромжтой нийтийн тээврийн чиглэл тодорхой болно. Энэ бол доороос-дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоо юм.

Хэрвээ хотын иргэд нийтийн тээврээр зорчих дадалгүй бол автобус байна уу метро байна уу, суудаггүй хүн бол хэзээ ч суухгүй. Тэгэхээр хэчнээн шинэ, үнэтэй, дэвшилтэт технологитой шийдэл оруулж ирсэн ч иргэд түүгээр зорчдоггүй. Иймд бид эхлээд автобусаар зорчдог дадал бий болгох ёстой. Нийслэл, дүүрэг, автобус компаниудад шаардлага тавих хэрэгтэй. Нийтийн тээвэрт дөрөвхөн шаардлага байдаг.

Нэгт, цэвэрхэн байдал. Хүн өөрийн машинаас бохир автобусанд хэзээ ч суухгүй. Гэтэл манай хотын автобусны ихэнх нь энэ энгийн шаардлагыг хангахгүй байна.

Хоёрт, аюулгүй байдал. Иргэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хүсдэг.

Гуравт, хүртээмжтэй байдал. Танай хороонд автобусны буудал хэд байна. Гэрээс буудал хүртэлх зай 500 метр дотор байна уу. Хэрвээ хол бол хорооны хурал дээрээ ярьж, хөршүүдтэйгээ хамт хүсэлт гаргаж автобус компани, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Дөрөвт, найдвартай буюу тогтмол, цагийн хуваариар явдаг байх. 5–10 минут тутам ирдэг нийтийн тээвэртэй байвал хүн болгон өвөл машинаа халааж, ажил дээрээ очоод зогсоол хайж цагаа дэмий үрэхгүй.

Бид эдгээр шаардлагыг тавиад байвал нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж машины хэрэглээ буурна. Мөн ая тухтай явган болон дугуйн замыг нийтийн тээвэртэй хослуулан хөгжүүлж чадвал манай хотын томоохон стресс хөнгөрнө. Ер нь ихэнх тохиолдолд оновчтой шийдэл хямд өртөгтэй байдаг. Үгүй гэхэд хамгийн үнэтэй нь лав биш. Үүнд зөвхөн иргэдийн оролцоо чухал.

  • Таны хэлсэнчлэн хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо, санал маш чухал. Гэхдээ энэ ойлголт манайд төдийлөн бүрэн хэрэгждэггүй шиг санагддаг. Энэ талаар таны хувьд юу гэж боддог вэ?

Хүмүүс эдийн засаг, байгаль орчин, эсвэл эрчим хүчний салбар чухал гэх маягаар “Аль салбар нь илүү вэ?” гэдэгт анхаардаг. Гэвч чухал салбар гэж байдаггүй. Иргэд эрүүл, аюулгүй, хүрээмжтэй нийгэмд амьдарч чадаж байна уу эсэх л чухал. Ийм нийгмийг доороос-дээш чиглэсэн иргэдийн оролцоот хот төлөвлөлтөөр бий болгодог. Ялангуяа залуучууд хороо, баг, сумын хуралдаа сууж, асуудлаа ярилцах хэрэгтэй гэсэн үг. Хорооны хурал гэхээр намын гишүүд хоёр талд сууж хэрүүл хийх эсвэл хэн дуртай нь хүрч ирээд стрессээ тайлдаг газар болсон байна. Гэвч хорооны хурлын утга учир энэ биш шүү дээ. Тухайн амьдрах орчинд ямар асуудал байна, үүнийг яаж шийдэх боломжтой вэ гэдгээ ярилцах газар юм. Бидэнд 500 метр алхаад хүрдэг цэцэрлэг, бага сургууль, эмнэлэг, автобусны буудал байгаа эсэхийг ярьж, байхгүй бол хурлаараа ярилцаж шийдвэр гаргах орчин юм. Гаргасан шийдвэрээ дүүрэг, нийслэл, яамдуудад хүргэж, ажил болгохыг шаардах ёстой.

Ийм тогтолцоо байхгүйн улмаас манай дарга нар Богд Зонховын хөшөө, Айрагны цогцолбор барина гээд явж байна. Дээрээс-доош чиглэсэн тогтолцоотой болохоор энэ мэт нүдээ олоогүй шийдвэрүүд гарч, нийгэмд ашиггүй хөрөнгө оруулалт ихэсдэг. Тухайн хороо, сумын сургуулиуд боловсон 00-той байна уу? Халуун, хүйтэн устай байна уу? Бохирын шугамтай байна уу? гэдэгт бид анхаарах ёстой. Аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа сэргээх чухал боловч иргэдийн анхдагч хэрэгцээ юу вэ гэдгийг анзаармаар байна. Үүнийг шийдэх, хийж чадах хамгийн дөт зам бол хорооны хурал юм. Яагаад гэвэл тухайн хорооны асуудлыг оршин суугч л хамгийн сайн мэддэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 45 хүн байдаг. Эдгээр төлөөлөгчдөөс хэд нь гэр хороололд амьдардаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Бүгд Зайсанд амьдарчихаад гэр хорооллын асуудлыг шийднэ гэвэл үнэхээр боломжгүй. Дүүргийн албан тушаалд ч бас шал өөр газар амьдардаг хүмүүсийг томилчихдог. Тухайн нутаг дэвсгэрт амьдардаггүй хүн бодит асуудлыг олж харахад бэрх. Харсан ч өөриймсөг хандах нь ховор болов уу.

Нөгөө талаас дарга нар хорооны хурлыг иргэдтэй уулзах газар гэж ойлгодог. Гэтэл үгүй. Иргэд хоорондоо уулзаж асуудлаа ярилцах газар юм.

Өмнөх үеийг бодвол нийгмийн идэвхитэй залуус олон болсон байна. Ийм залуус хорооныхоо хуралдаа сууж үзээсэй гэж боддог. Тэгвэл илүү их боломж харагдана байх. Одоо өрнөж байгаа олон сайхан хөдөлгөөн боловсрол, хүчирхийлэл зэрэг тодорхой хэдхэн салбарт яваад байдаг. Ингэхээр салбар салбараараа хуваагдаад нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжгүй гэсэн үг.

Харин доороос-дээш чиглэсэн буюу хөршүүдтэйгээ ярилцаж, бүх салбарыг багтаасан цогц шийдлийг хорооны түвшинд санаачлан хэрэгжүүлвэл та бүхний хийж бүтээж чадах орон зай маш их байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ядаж л хөршүүдтэйгээ тохироод хогоо ангилж хаях хогийн савтай болох боломжтой шүү дээ. Ерөнхийдөө доороос-дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоо бидэнд улс төрчөөс хараат бусаар өөрийн амьдрах орчноо сайжруулах боломжийг олгоно гэсэн үг.

  • Ярилцлагаа “Дэлхийн монгол” булангийн уламжлалт асуултаар үргэлжлүүлцгээе. Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?

Монгол хүний онцлогыг тодотгосон, илүү их боломжийг нээж өгөх 3 чадвар байдаг гэж боддог. Энэ бол Бүтээмж, Багийн ажиллагаа, Бүтээлч сэтгэлгээ юм.

Эрс тэс уур амьсгалтай нутагт үр удмаа үлдээх гэдэг том шалгуур. Үүнийг бид нүүдэлчин соёлын бүтээмжийг-чухалчилсан амьдралын хэв маягаараа даван туулсан. Тэгэхээр бүтээмж бол бидний өвөг дээдсээсээ өвлөж авсан чухал чадвар. Бүтээмжийн эсрэг нь хэв маяг юм. Одон медаль, шагнал урамшуулал, аархал, баярхал, хэргэм зэрэг, албан тушаал, туйлширсан шүтлэг энэ бүгд хэв маяг хэлбэр төдий зүйл юм. Бидэнд одон медаль чухал уу аль эсвэл шуурхай, тухтай нийтийн тээвэр, номын сантай байх чухал уу гэдгийг бодох хэрэгтэй болов уу. Зайсанд амьдарч Ланд 200, 570 маркийн автомашинтай байхаас илүү ажилдаа 10 минутанд очиж чадаж байна уу, хэмнэсэн цагтаа өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу гэдгээ анзаарах цаг болсон байх. Одоо үед зарим залуус одон, медаль, хэлбэр маягт чухал ач холбогдол өгдөггүй болсонд баяртай байдаг.

Багийн ажиллагаанд муу нь манай үндэстний том сул тал учраас энэ чадварт суралцаж, хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр ганцаараа хийж чадах ажил бараг байхгүй болсон шүү дээ. Хамтын ажиллагааны суурь бол хариуцлагатай байдал буюу цаг барих гэдгийг үргэлж санах хэрэгтэй болов уу.

21-р зуунд дижитал шилжилт, хиймэл оюун ухаанаас шалтгаалж зарим ажлыг робот болон технологийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болж, давтагдсан үйл ажиллагаатай ажлын байр багасч байна. Ирээдүйд бүтээлч сэтгэлгээ, энэ чадварыг шаардсан ажлын байр л үлдэнэ гэж яригдаж байна. Зураг зурах, дуу шүлэг зохиох, бүжиглэх, хөгжим тоглох, керамик урлал, хоол хийх, уншсан номоо хүнтэй ярилцах гэх мэт бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх цагийг өөртөө гаргах хэрэгтэй гэж бодож байна.

  • Залуу үеийнхэнд таны зүгээс өгөх хамгийн том зөвлөгөө юу вэ?

Аливаа зүйлд тууштай байгаасай гэж боддог. Ихэнх хүмүүс богино хугацаанд амжилтанд хүрье гэж боддог болж. Гэтэл амжилт гэдэг хоромхон зуурт ирчих юм биш. Өөрийн сонгосон мэргэжил, салбартаа тууштай байж, хувь нэмрээ оруулж, салбараа хөгжүүлж байж амжилт ирнэ гэж боддог.

Бас унших дадалтай болж, гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх нь том давуу тал болно гэж зөвлөмөөр байна. Гадаад хэл сурах хэцүү. Гэхдээ тууштай байвал ямар ч хэлийг төгс эзэмших боломжтой. Би зөвлөгөө авъя гэсэн хүмүүст нэг зүйл хэлдэг. “Их битгий хий, Бага битгий хий, Өдөр болгон хий”. Өдөр бүр ядаж 30 минутыг өөрийгөө хөгжүүлэхэд зориулаарай.

Зургийн эх сурвалж
  • Таны цаашдын зорилго юу вэ?

Улаанбаатар хотоо дэлхийн биш юмаа гэхэд Азийн хүйтэн нийслэл болгомоор байдаг. Өмнө нь улс гүрнүүд хоорондоо өрсөлддөг байсан. Одоо салбар салбарын үндэстэн дамнасан корпориацуд хоорондоо өрсөлдөж байна. Ирээдүйн чиг хандлага хотуудын өрсөлдөөнрүү шилжинэ.

Ази номхон далайн орнууд хөгжлийн шатандаа явж байна. Миний бодлоор 10–20 жилийн дараа Тайланд, Вьетнам, Бангладеш, Пакистан зэрэг улсууд баян болно. Энэ бүс нутагт цас үзээгүй 4 тэрбум хүн байна. Эдгээр хүмүүст цас мөс үзүүлэх боломжтой, потенциалтай хот нь Улаанбаатар юм. Бид хичээгээд 10–20 жилийн дараа түгжрэлгүй, утаагүй, хөрсний бохирдолгүй, иргэд нь аз жаргалтай хот болчихвол жуулчид манай хотыг зорино.

Японы Саппоро хотод цас үзэх боломжтой л доо. Гэхдээ Улаанбаатар хотын нуугдмал давуу тал маш их. Дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уул, Тэрэлж үндэсний парк, нийслэлдээ хамгийн ойр цанын бааз Sky resorts, хотоо тойрсон дөрвөн ууландаа hiking хийх, шүхрээр буух, drone нисгэх, Туул голоор нохой чаргаар гулгах, Манзуширын хийдрүү морин аялал хийх гээд жуулчдын хүсэмжит зүйл олон байна. Таатай амьдралын нөхцөлийг бүрдүүлсэн хотдоо жилдээ хоёр сая жуулчин аваад байхад улсын эдийн засагт ч хэрэгтэй. Энэ зорилгодоо шууд болон шууд бусаар хувь нэмрээ оруулая гэж боддогдоо.

  • Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾