Иргэдийн төсөв 2020-ыг 10 минутанд

Асуудал ба шийдэл. Хариуцлагатай иргэн танд зориулав.

Luka Ganzorig
12 min readOct 13, 2020

Юуны өмнө нийтлэлийг маань сонирхож байгаа танд баярлалаа. Үндсэн хуулиар Монгол улсын иргэнд 18 төрлийн эрх олгож, 5 үүрэг ногдуулдаг. Эрхийн хувьд маргах зүйлгүй ч Сонгуульд саналаа өгөх, Төсвийн зарцуулалтад хяналт тавих гэсэн 2 зүйлийг өөртөө үүрэг болгодог хүний хувьд төрийн байгууллагаас гаргасан орлого зарлагын тайланг сонирхож уншдаг билээ. Сангийн яамнаас 3 дахь жилдээ гаргасан “Иргэдийн төсөв 2020”-ыг уншаад төрсөн сэтгэгдлээ тэмдэглэх, хуваалцах зорилготой ээлжит бичвэрээ танд хүргэе.

БҮЛЭГ 1: ТӨСВИЙН ТУХАЙ

Монгол улсын нэгдсэн төсөв юунаас бүтэж, хэрхэн боловсруулж, баталж, хэрэгжүүлдэг талаар дэлгэрэнгүй тайлбарласан нь авууштай. Төсвийг боловсруулахдаа Цахим, Ил тод, Үр ашигтай байх бодлогыг баримталж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэжээ. Гэвч энэ оны төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 5.1% хувьтай тэнцэж байна. Ер нь Монгол улсын төсөв түүхэндээ гуравхан удаа алдагдалгүй гарч байсан нь 1995 оны Пунцагийн Жасрай, 2005 оны Цахиагийн Элбэгдорж, 2010 оны Сүхбаатарын Батболд нарын удирдсан засгийн газар гэдгийг ташрамд дурдъя.

Энэ бүлгээс онцлох зүйл бол жил бүрийн 1–5 сарын хооронд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгөх боломжтой гэсэн заалт байв. Та бид дээрх саруудад хорооны хуралдаа суун гудамж талбай, орц байрныхаа асуудлыг шийдүүлэх төсөл санаачлах боломжтой юм.

БҮЛЭГ 2: ТӨСВИЙН ОРЛОГО
Төсвийн нийт орлого 12.9 их наяд ₮ бөгөөд үүний 25%-г уул уурхайн салбар бүрдүүлж байна. Татварын ангиллаар Орлогын Албан Татвар (ОАТ), Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ), Нийгмийн Даатгал (НД) нийлээд 66.1%-ыг бүрдүүлжээ.

Энэ жил татвар, гааль, газрын бүртгэл төлбөрийн шинэчлэл, цалин хөлсний доод хэмжээний өсөлтөөр орлого өнгөрсөн оноос 1.8 их наяд ₮-өөр ихэссэн нь сайшаалтай. Энд нэг зүйлийг онцолмоор байгаа нь татварын шинэчлэл. Өмнө нь жилийн 3 тэрбум ₮ хүртэлх ашигтай компани жилд 4 тайлан гаргаж, 10% татвар төлдөг байсныг орлогын шатлалаар 1 л удаа тайлан гаргаж, 1% татвар авах хүртэл бууруулсан нь нүдээ олсон шинэчлэл юм. Ингэснээр иргэд компани байгуулж аж амьдралаа залгуулах ачааг хөнгөвчилж, гарааны бизнес үүсэх орчинг бүрдүүлж, урт хугацаандаа ажлын байрыг нэмэгдүүлэх гээд олон талын ашигтай. Сангийн яам гайхамшигтай!

Цаашид төсвийн орлогыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн экспортод шаардагдах бичиг баримт, тусгай зөвшөөрөл, зарцуулах хугацааг бууруулж өгөхийг хүсэж байна.

эх сурвалж 3-аас авав.

Дэлхийн банкны 2020 оны тайланд бид бүтээгдэхүүн экспортлоход 134 цаг, бичиг баримт зөвшөөрөлд 168 цаг; гаднаас импортлоход 48 цаг, бичиг баримт зөвшөөрөлд 115 цаг зарцуулж байгаа нь импортын бизнес эрхлэх нь хамаагүй амар байгааг илтгэнэ. Энэ гажуудлыг засахгүйгээр үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй бөгөөд төгрөгийн ханш унасаар байх болно. Ер нь төр экспортын бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, үнийн дүнг л мэдэж байхад хангалттай. Чанар стандартыг үйлдвэрлэгч, худалдан авагчид даатгая.

БҮЛЭГ 3: ТӨСВИЙН ЗАРЛАГА
Энэ бүлэг бидний хамгийн их анхаарч, шүүмж хэлж байх ёстой хэсэг. Салбар, яам тус бүрээр юунд хэдийг зардгийг ялгаж бичсэн тул өөрийн салбарын талаар мэдээлэл авахад ч хэрэг болохоор байна. Бидний төлдөг татварын тал орчим хувь нь төрийн албан хаагчдын цалин, төрийн байгууллагын тээвэр, шатахуун, түлш, халаалт буюу урсгал зардалд явж байна.

Манай улс 13 яам, 15 сайдтай байсныг Ухнаагийн Хүрэлсүх Соёлын яам байгуулснаар 14 яам 16 сайдтай болгосон. 100 ямаанд 60 ухна гэгчээр 3 сая хүнд арай л их. Улс төрийн намууд халамжит болж, зүүний бодлого барихаар яамдын тоо нэмэгдэж, төсвийн зардал өсдөг. Энэ нь хувийн хэвшлийн хөгжлийг удаашруулж, эдийн засгийг гацаадаг. Төрийн алба чадварлаг байвал бидэнд 5 яам байхад хангалттай. Төр цомхон бүтэцтэй бол албан хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлж, хамгийн өндөр төвшинд хүргэх боломжтой. Ингэснээр нийгмийн хамгийн боловсролтой хүмүүс ажиллах боломж бүрдэж, дагаад авилгал хээл хахуулийн асуудал шийдэгддэг.

Энд онцлох зүйл бол засгийн газрын тусгай сангуудын зардал юм. Үүнд Жамбалсүрэнгийн Батзандан, Лувсанвандангийн Болд нарын эхлүүлсэн шоун дээр Хүрэлсүх дөрөөлж Миеэгомбын Энхболдыг унагахад ашигласан Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сан (52.3 тэрбум) багтдаг. Өмнө нь 30 байсан санг 20 болгон цомхтгож, мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн төсвийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Гэвч эдгээр сангуудын зарцуулалт, зээлийн түүхийг ил болгоогүй цагт улс төрчид мөнгө идсээр байх болно. ЖДҮ идсэн гишүүдэд хариуцлага тооцох нь бүү хэл Янгугийн Содбаатар зэрэг тушаал дэвшсэн хүн байгааг мартаж болохгүй. Мөн хөдөө аж ахуйг дэмжих сангийн дийлэнхийг нэг эзэнтэй олон компани хувааж авдаг гэсэн шүүмж байдгийг санах хэрэгтэй.

Боловсрол, спорт, соёл урлаг:

Шинжлэх ухаан, технологийн санд 13.5 тэрбум буюу Соёл урлаг+Спорт+Кино=14 тэрбумаас бага зарцуулж байгааг яагаад ч ойлгосонгүй. Зугаа цэнгэл хэрэгтэй ч эрдэм мэдлэгийг давах ёсгүй.

Соёл урлагт хэтэрхий их хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалд арай л хатуу ханджээ. Аялал жуулчлал нь гаднаас $ оруулдаг чухал салбар. Хүн ам цөөн, газар нутаг том манай улсын хувьд голлох салбар байх ёстой. Чанаргүй баахан зохиолын дуучид дуулангаа аяллын хөтөч хийвэл таарна 😛

Дээд боловсрол, Мэргэжлийн боловсрол шал арчиж байна. Өмнөх зургийн биеийн тамир спортын 92.6 тэрбумаас ч бага байна. Бид баахан бөх, дуучин бэлдлээ гээд хөгжихгүй. Чадварлаг боловсон хүчин бэлдэх зайлшгүй шаардлага байна.

Дээд боловсролын талаар хувийн бодол: Төсвийн зардлаар гадаадад сургаснаас, дэлхийд тэргүүлэгч багш нарыг урьж МУИС, ШУТИС зэрэг улсын сургуулиудад багшлуулсан нь нийгэмд илүү хүртээмжтэй. Мөн гаднын тэтгэлгээр сурсан Монгол төгсөгчдөөр 7 хоногт ядаж 1, 2 цаг ч болов хичээл заалгуулах хэрэгтэй.

Байгаль орчин:

Бид агаарын бохирдолд дээд боловсролоос их мөнгө зарцуулдаг. Ийм их хөрөнгө зарцуулаад агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг 138.6 тэрбумын данстай Цэвэр агаар сангаас асуух хэрэгтэй. Өмнөх жилүүдийн тайланг ил тод болгохыг шаардах ёстой. Ус цаг уурын судалгаа шинжилгээнд 33.5 тэрбум ₮ тусгасан байгаа нь сайн. Цаашдаа төрөөс хэрэгжүүлж буй бүх судалгааг ил болгох хэрэгтэй. Ялангуяа байгаль орчны салбарын судалгаа нь тогтвортой хөгжлийг зорилтоо болгож буй өнөөгийн нийгэмд дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг.

Эрүүл мэнд, нийгмийн халамж:

Бид аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ маш муу. Ялангуяа зөв хооллолт, дасгал хөдөлгөөнд ач холбогдол өгдөггүй. Энэ нь өвчлөлийг ихэсгэж, эрүүл мэндийн зардлыг өсгөдөг. Өвдсөний дараах бус өвдөхгүй байх бодлогод хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Бидний үхлийн шалтгаанаар 1.зүрх судасны өвчин, 2.хорт хавдар, 3.гэмтэл, 4.хоол боловсруулах эрхтний өвчин ордог. Ер нь бид нийтээрээ амьдралын буруу хэв маяг зуршилтай.

Энэ тайлангаас манай улсын халамжийн бодлого хэрээс хэтэрсэн нь шууд харагдана. Та бидний хөдөлмөрлөж төлдөг татварын орлогоос жил бүр 794.5 тэрбум ₮-ийг халамж болгон 800,000 хүн буюу 4 хүн тутмын 1-д тарааж байна. Зарим сумын иргэдийн тал нь хөдөлмөрийн бэрхшээлтэй гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж татвараас хулгайлж байна. Бас Монгол Ардын Нам 240,000 хүнд хүнсний талон нэрээр мөнгө тарааж сонгуулиар тэдний саналыг худалдаж авдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр халамжийн мөнгө дээд боловсрол, шинжлэх ухаанд тусгадаг төсвөөс 8.5 дахин их. Энэ чигээрээ бид ажил хөдөлмөр эрхлэх бус халамж тэтгэмж аваад суудаг ажилгүй залхуу үндэстэн болно.

Энд зайлшгүй дурдах ёстой зүйл бол нийгмийн даатгалын сангийн шинэчлэл юм. Нийгмийн даатгал нь 2 төрөл байдаг. Хүн бүр “хувийн данстай” буюу цалингаасаа төлж байгаа хураамжаа ирээдүйд өөрөө хүртэх, нөгөөх нь одоо ажиллаж буй “хүмүүсийн төлж буй татвараар тэтгэвэр олгох”. Манайх эхнийх буюу хувийн данстай боловч хоёр дахь шиг ажилладаг гажуудсан системтэй.

Шинэчлэл хийж хүн бүр хувийн данстай, түүнийгээ хянадаг, барьцаа болгон ашигладаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Энэ тогтолцоо маш олон давуу талтай. Жишээлбэл:
1. Орон сууцны зээлийн урьдчилгаа 30%-д тэтгэврийн дансаа барьцаалах боломжтой. Өөрөөр хэлбэл тогтмол цалинтай бол шууд байр авна гэсэн үг.
2. Хорт хавдар зэрэг хүнд өвчин туссан үеийн эмчилгээний зардлыг дансаа барьцаалан төлөх боломжтой. Өнөөдөр жилд 4000 гаруй хүн хорт хавдрын улмаас нас бардаг. Ихэнх нь Монголд эмчлэх боломжгүй бөгөөд гадаадад эмчилгээнд явахад 100 саяас дээш ₮ хэрэг болдог. Энэ шинэчлэлээр та өөрийн гэр бүлээ ихэнх өвчнөөс аврах боломжтой болно.
3. Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж жилд 2.4 их наяд ₮ болдог. Үүнийг хөрөнгө оруулалтын сан болгож, дотоодын гарааны болон өсөлттэй компаниудад хөрөнгө оруулах, гаднын найдвартай компанийн хувьцааг худалдан авах зэргээр арвижуулах боломжтой.

Өмнө нь энэ их хөрөнгийг дотоодын банканд байршуулж хүүг нь хэдэн улс төрчид хувааж иддэг байсан. Нэр дурдвал ХНХ сайд асан Содномзундуйн Эрдэнэ, УИХ гишүүн асан Капитал банкны гэх Батбаярын Ундармаа нар юм. Ийм нөхцөл байдлыг яаралтай зогсоож, хариуцлага тооцон цаашид гаргахгүй байх хэрэгтэй. Бусад банк, улс төрчдийг мөн адил шалгах хэрэгтэй. Энэ бол бидний хөрөнгө, ирээдүйн баталгаа.

Аюулгүй байдал, нийгмийн хэв журам:

Энэ салбараас хүсэх 4 зүйл байна. Зэвсэгт хүчин, хил хамгаалахыг дэвшилтэт технологитой болгож үр ашигтай байдлыг дээшлүүлэн урсгал зардлыг бууруулах; Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сайжруулж цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардлыг бууруулах; Судалгаа шинжилгээний тайланг ил тод болгох; Танасан төсвийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах. Сүүлийн үед арай гэж олны анхаарлыг татаж буй гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл зэргийг гарсан хойно нь бус гардаггүй нийгмийг бүтээх хэрэгтэй байна. Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ!

Эдийн засаг:

Барилга хот байгуулалт, зам тээврийн хөрөнгө оруулалт, урсгал зардал дээр хөрөнгийн хуваарилалтыг залруулах хэрэгтэй. Манайх машин үйлдвэрлэгч орон биш учир замаас илүүтэйгээр барилгад хөрөнгө оруулсан нь тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлдэг. Харин барилгын дулаалга, эрчим хүчний технологийг сайжруулж урсгал зардлыг бууруулах, замын хувьд одоо байгаа сүлжээний засвар арчилгааны зардлыг нэмж аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аль ч салбарт хэлэгдэх зүйл бол чанар, стандартыг мөрдүүлж бороонд урсдаггүй зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй ашиглаж болох орчин, нийслэлийн хувьд хүндээ ээлтэй нийтийн тээвэртэй болох шаардлагатай байна.

Манай улсад баахан татаас аваад хөгждөггүй, дээр нь татвар төлдөггүй ганцхан салбар байдаг. Энэ бол хөдөө аж ахуй (газар тариалан татаас авдаг гэхдээ татвар төлдөг). Бид бод бог мал+ямааны ноос+мах бэлтгэл+улаан буудайд нийт 66.6 тэрбумын дэмжлэгийг төрөөс олгож байна. Та анзаарсан бол Монголд хүүхэдгүй, эрүүл, хөдөлмөр эрхэлдэг хүн буюу залуу үеээс бусад нь халамж авч байна.

Хувийн бодол: Малчдаас малын хөлийн татвар авдаг болох хэрэгтэй байна. Энэ орлогыг орон нутагт төвлөрүүлж, бүс нутгуудын төвүүдэд (Ховд, Эрдэнэт, Арвайхээр, Өндөрхаан) нядалгаа, боловсруулалт, агуулах, дуудлага худалдааны цогцолбор байгуулж Малчид, Ченжүүд, Худалдан авагчийн гурвалсан менежментээр ажиллуулбал мах, арьс шир, ноос ноолуур, хүнс ногооны үнэ тогтворжиж, малчид тариаланчдын орлого ч нэмэгдэнэ. Бэлчээрийн доройтол ч тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой. Тэгэхээр бидэнд татварын зөв бодлого хэрэгтэй байна. Үүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол орон нутгаас сонгогддог 54 УИХ гишүүд юм.

Төрийн нийтлэг үйл ажиллагаа:

Улсын төсвөөс гардаг бас нэг ойлгомжгүй зардал бол УИХ гишүүн бүрт олгодог тойргийн төсөв. Анх Намбарын Энхбаярын үед гишүүн бүрд 10 сая ₮ олгож байсан нь ихэссээр Норовын Алтанхуягийн үед 1 тэрбум, Жаргалтулгын Эрдэнэбатын үед 3 тэрбум, одоо Хүрэлсүх 8 тэрбум болгосон гэж сонсогдож байна.

Нэг зүйлийг тодорхой болгоё. УИХ бол хууль зохиож батлах буюу ирээдүй цагт ажил хийх ёстой байгууллага. Засгийн газар харин хэрэгжүүлэгч буюу одоо цагт ажилладаг. Шүүх засаглал бол гарсан алдаа дутагдал зөрчлийг зохицуулах буюу өнгөрсөн цагт ажилладаг байгууллага. УИХ гишүүдэд 608 тэрбумыг олгож байгаа нь тулгын 3 чулууны хоёр нь хоорондоо давхцаж байгааг илтгэнэ. Энэ дүн халамжийн дүнтэй бараг тэнцэж байгааг анхаарна уу. 2 хөлтэй сандал тогтдоггүйтэй адил энэ тогтолцоог засаагүй цагт Монгол хөгжихгүй. Мөн эргэж төлөгдөх цэвэр зээлд 223.7 тэрбум тавьсан байгааг ямар байгууллага ямар нөхцөлөөр авч байгааг ил болгох хэрэгтэй. ЖДҮ шиг улс төрчид, түүний хамсаатнууд идэж байгааг үгүйсгэх боломжгүй.

БҮЛЭГ 4: ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР БОЛОН ГАДААД ЗЭЭЛ ТУСЛАМЖ
Энд онцлох зүйл бол Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондын 2.9 тэрбум $-ын зээл бөгөөд 2024 онд төлж дуусгах ёстой. Хөгжлийн банкаар дамжуулж эдгээр бондоос мөнгө авсан хувийн хэвшлүүдийг шахаж шаардах хэрэгтэй. Энэ бол бидний хөрөнгө, улсыг барьцаалж авсан зээл. Зээлийг зээлээр төлөхгүй байхыг Хүрэлсүхийн ЗГ-с шаардъя.

Мөн ямар улс, ямар байгууллагад хэдий хэмжээний өртэйг сүүлийн хуудаснаас харж болно. Мэдээж бидний хамгийн өртэй улс бол урд хөрш.

БҮЛЭГ 5: НИЙГМИЙН БҮЛЭГТ ЧИГЛЭСЭН ТӨСӨВ
Төрөөс ямар төрлийн халамж олгодог талаар дэлгэрэнгүй бичсэн энэ бүлгийг уншихад илүүдэхгүй. Энд анхаарал татсан зүйл бол малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэл ердөө цалингийн доод хэмжээний 1%, тэтгэвэрт гарах нас эрэгтэй 55, эмэгтэй 50. Нийгмийн даатгал огт төлөөгүй ч нэг удаа нөхөн төлснөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой зэрэг засаж залруулах алдаа олон байна. Бүгд эрх тэгш байцгаая.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогод Universal Design буюу саад бэрхшээлгүй зорчиж, аж төрж болох сум хороо, дүүрэг хотын стандартыг мөрдүүлэх талаар дурдсангүй. Герман, Америк, Япон зэрэг улсууд энэ стандартаар дэлхийд тэргүүлдгийг манайх хуулах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээл нийгмийн оролцоог хязгаарлах ёсгүй. Universal design хэвшсэнээр группд байдаг иргэд зөвхөн тэтгэмж авах бус ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа дээшлүүлэх боломжтой болж, эдийн засагт сайнаар нөлөөлдөг. Энэ стандарт нь настай хүмүүс, жирэмсэн эх, нярайлсан эх, хүүхдэд ч ээлтэйг санууштай.

Алдарт эхийн одон, тэтгэмжийн талаар шүүмжлэх зүйл гэвэл хангалттай цэцэрлэг сургууль, боловсрол, эмнэлгийн тогтолцоогүй байж хүн амаа өсгөх бодлогод хэтэрхий их хөрөнгө хаях нь нийгмийг ядуурал, тогтворгүй байдалд түлхэн оруулдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй.

БҮЛЭГ 6: ОРОН НУТГИЙН ТӨСӨВ
Эндээс та өөрийн амьдарч буй хот, аймгийн төсөв ямар байгааг, ямар төрлийн татвар орон нутагт үлдэж, хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрдгийг мэдэх боломжтой.

Анхаарах зүйл бол орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас НӨАТ-ын 5% болон гаднын тусламжийг хасвал зөвхөн ашигт малтмалын орлого л үлдэж байгаа өнөөгийн гаж тогтолцоо юм. Үүнийг орчуулбал аймаг сумууд уул уурхай эрхлэхгүй л бол орлогогүй гэсэн үг. Ийм байхад засаг дарга нар уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалтыг дэмжихээс өөр сонголтгүй. Үр дүнд нь малчид бэлчээргүй, тариаланчид газаргүй болж байна.

Энэ тогтолцоог 2 өөрчлөлтөөр шийдэж болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутагт (жишээлбэл 5%), малын хөлийн татвар авч орлогыг аймгийн төсөвт төвлөрүүлэх юм. Ингэснээр малчид, бизнес эрхлэгчид нутгийн хөгжилдөө хувь нэмэр оруулж, сумандаа, аймагтаа сайхан амьдрах боломж бүрдэж, уул усаа ухалгүй байгаль орчноо хамгаалж чадна.

Бас нэг ноцтой зүйл бол өнөөдөр Монгол улсад хүснэгтэд тодруулсан 6 орон нутгаас бусад бүх аймаг алдагдалтай байгаа явдал юм. Энэ алдагдлын дийлэнхийг УБ, Орхон, Өмнөговь гурав нөхөж байна. Ерөнхийдөө энэ гурав дээрэлхүүлж, бусад 16 аймаг тэжээлгэдэг гэсэн үг. Жишээлбэл нийслэл 556 тэрбумын орлого олсон ч 319.4-г улсад тушааж, үлдсэн 236.7 буюу 42.6% нь л үлддэг. Үүний шалтгаан бол УИХ-д нийслэлээс 22-хон гишүүн сонгогддог сонгуулийн гаж тогтолцоо юм (хүн амын тал нь амьдардаг). Энэ байдлаараа хотын түгжрэл, дэд бүтэц, сургууль цэцэрлэг эмнэлгийн хүрэлцээгүй байдал, орон сууц, утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Алдагдалтай ажилладаг 16 аймгийн асуудлыг дээр дурдсан 2 өөрчлөлтөөр шийдэх арга хэмжээ яаралтай авч, сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Аймгууд биеэ даана уу.

Мөн нийгмийн халамжийн төсвийг яаманд бус орон нутагт үүрүүлэх хэрэгтэй. Хотод суугаа дарга хэн хаана хуурамч бичиг баримтаар халамж авч улсын хөгжлийг хойш татаж буйг хянах боломжгүй. Харин сум хорооны засаг даргад хариуцуулж, орон нутгийн төсөвт суулгавал хяналт, хүртээмж, бүтээмж сайжирна.

Үүнийг De-centralization гэдэг бөгөөд улс төр, төсвийн эрх мэдлийн хэт төвлөрлийг бууруулж, орон нутагт тодорхой хэмжээний эрх олгосноор иргэдийн оролцоо өсөж, төрд тавих хяналт сайжирдаг. Хуучин социалист орнууд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой бодлого.

ТӨГСГӨЛД НЬ:
Юу тарина түүнийгээ хураадаг. Татварын бодлого, халамжийн бодлого, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн өөрчлөлт шинэчлэлийг одооноос эхлүүлж сайн үр суулгавал 5–10 жилдээ сайхан ирээдүй ирнэ. Үүнийг иргэн бүр төр, намуудаас шаардаж бодлого, төсөл, мөрийн хөтөлбөрт нь тусгуулах хэрэгтэй.

Хорооны хуралдаа сууж, иргэдийн төлөөлөгчтэйгөө уулзах бүрдээ ам асуух нь сумандаа сайхан амьдарч, аз жаргалтай хот, сайн сайхан нийгмийг бий болгох эхний алхам юм.

Халамжийн бодлогыг халж, боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлахыг одоогийн болон ирээдүйн засгийн газраас хүсье. Асуудал гарсны дараа бус гарахаас сэргийлэх арга хэмжээ авдаг болоосой. Дуу хуур кино бус шинжлэх ухаанд илүү хөрөнгө оруулаасай. Хойч үедээ ухсан шороо, өр зээл бус, тогтвортой ажлын байр, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, сайн боловсрол, иргэндээ ээлтэй нийгмийг үлдээгээсэй.

Төсвийн хөрөнгө бол даргын бус бидний хөрөнгө. Үүнийг хянах нь хариуцлагатай иргэний үүрэг гээд энэхүү бичвэрээ өндөрлөе. Энэ хүртэл уншсан та шүү!

Эцэст нь 80 хуудас бүхий өнгө загвар сайтай, цэгцтэй, товч тодорхой энэ товхимлыг бэлдсэн баг хамт олонд гүнээ талархъя. Цаашдаа жишиг болгон хэвшүүлэхийг аминчлан хүсэж байна. Төрийн үйлчилгээ цахимжиж, ил тод, иргэндээ ойр болж байгааг мэдрэх таатай байлаа.
Ганзоригийн Лувсанжамц (2020.10.13)

Эх сурвалж:
1. Иргэдийн төсөв 2020 /Монгол улсын нэгдсэн төсөв/
2. Иргэдийн төсөв 2020 /Монгол улсын нэгдсэн төсвийн төсөл/
3. Doing Business Report Mongolia
4. Улс орны яамдуудын тооны талаар судалгаа
5. Монгол улсын статистикийн эмхэтгэл

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾