Утаа, Шийдэл 3

8% зээлийг зөвхөн гэр хороолол дахин төлөвлөлтөд, Нэгдсэн бодлого, Тооцоолол

Luka Ganzorig
3 min readOct 10, 2020

Өмнөх шийдлүүдэд утаанаас сэргийлэх, хамгаалах арга болон бүс нутгийн бодлого, орон нутгийн төсөв хэрэгтэй байгааг дурдсан бол энэ дугаарт утааг бууруулахад ямар арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлвэл хэдэн хувиар буурахыг тооцоололтойгоор хүргэе.

Зураг ①
Утааг багасгах 6 арга хэмжээ болон хэрхэн буурахыг графикт үзүүлэв.

Хувилбар а: Байдал хурцдана
Хэрвээ энэ чигээрээ дорвитой арга хэмжээ авахгүй бол хүн ам, өрхийн тоо өссөнөөр 2025 онд утаа одоогийнхоос 68%-иар ихсэхээр байна.

Хувилбар b: Утааны ихсэлтийг саармагжуулна
2013 онд хотын дарга байсан Эрдэнийн Бат-Үүлийн эхлүүлсэн ГЭР ХОРООЛОЛ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТийг одоогийн хотын захиргаа тууштай үргэлжлүүлсэн бол энэ жил 15,000 орчим өрх орон сууцанд орж, төдий чинээ яндан цөөрснөөр агаарын бохирдол бага хэмжээгээр буурах байв. Цаашдаа энэ төслөөр жил бүр 5000 өрхийг орон сууцаар хангах нь үр дүнтэй хэдий ч нийт өрхийн тооны өсөлтийг давж чадахгүй тул утаа 18% өсөхөөр байна.

Хувилбар c: Утаа хэвэндээ байна
Гэр хороололд нийт 100,000 гаруй өрх байшинд амьдардаг. Үүний 80% нь дулаан алдагдал ихтэй. Тэгвэл эдгээрээс жил бүр 15,000 байшинг дулаалвал хүн ам өссөн ч утааг одоогийн түвшинд (+1%) барих боломжтой.

Хувилбар d: Утаа багасна
Гэрт амьдарч буй 115,000 өрх бий. Гэр нь нүүдлийн соёлд тохиромжтой боловч суурин амьдралд огт тохирохгүй. Ялангуяа өвлийн улиралд хана туурга, шал, онгорхой тооноор асар их дулаан алддаг. Ийм болохоор 20м2 талбайтай гэрийн түлээ нүүрсний зардал 50м2 байшингийнхтай ялгаагүй гардаг. Харин жил бүр 20,000 гэрийг сайтар дулаалвал 2025 онд утаа 35%-иар буурахаар байна.

Хувилбар e: Утаанбаатар биш Улаанбаатар болно
Айлуудыг орон сууцанд оруулчихлаа. Гэр, байшингаа дулаалчихлаа. Тэгвэл дулаалсан байшингуудаас жил бүр 5000 өрхийг цахилгаанаар халаадаг болгоё. Ингэснээр утаа 54% буурч магнай тал тэнийж цээж хагас амьсгалдаг болно.

Хувилбар f: Утааг ялна
Дээрх хувилбаруудад дулаалгын стандартыг одоо мөрдөгдөж буй Барилгын Норм ба Дүрэмд зааснаар тооцоолсон. Олон жил шинэчлэгдээгүй энэ стандартыг олон улсын “Пассив” барилгын түвшинд хүргэвэл утаа 74%-иар буурч сая нэг магнай хагарч, цээж дүүрэн амьсгалж, утааг ялна.

Дан шийдэл гэж байхгүй. Нэгдсэн бодлогоор л шийднэ.

Гэр хороололд 12 жил амьдарч буй Нидерланд иргэн пассив барилга яаж барьсан талаар эндээс уншина уу.

Зураг ②
Гэр, байшингаа хэрхэн дулаалахыг огтлол зургаар үзүүлэв. Зүүн талд байшингийн дулаалга өмнө ба дараа, баруун талд гэрийн дулаалга өмнө ба дараа. Улбар шар=Дулаалга.

Өмнө нь бичсэнчлэн гэр, байшин аль алийг 1 төөгөөр завсар зайгүй битүү дулаалвал УБ утаагүй болно. Ялангуяа суурь, дээврээ сайтар дулаалах хэрэгтэй. Ингэсэн байхад одоо шатаадгаасаа тал нүүрсээр өвөлждөг болно.

Дулаалах зөвлөмж:
a. Барьчихсан байшин
гийн суурийг шалан дээгүүр дулаалж болно. Ингэхдээ ханын дулаалгыг хаяаг мануулж хөрсөнд 1 төө суулгана. 6м х 7м байшинг ойролцоогоор 4 сая төгрөгөөр дулаалах боломжтой.

b. Гэрийг буулгаж болох учраас шалан доогуур дулаална. Хана туургаа чулуун хөвөн, хонины ноос зэргээр дулаалж хаяагаа бас манана. Тооныг вакуум шиллэгээтэй болговол маш сайн. 5 ханатай гэрийг 1.5 сая төгрөгт дулаалах боломжтой.

Эцэст нь:
Утаагүй зуух, дахин төлөвлөлт, Намсрайн Цэрэнбат сайдын филтер гэх мэт дан ганц төслөөр утааг арилгах боломжгүйг та харлаа. Утааны эсрэг аав ээжүүд ТББ 7 хоногийн сувилал нэхээд засгийн газрыг хуралдуулж чадсан шигээ 2025 он хүртэл жил бүр гэр хорооллын 5000 өрхийг ОРОН СУУЦАНД, 15000 байшинд ДУЛААЛГА, 20000 гэрт ДУЛААЛГА, 5000 өрхийг ЦАХИЛГААНААР халаахыг шодоргосх3 гэж нэхэж, шаардаж, хийлгэж чадвал утаанаас салахаар байна.

Хамгийн чухал:
Мөн яг одоо хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын өөрчлөлт байна.

Орон сууцны 8% зээлийг зөвхөн гэр хороолол дахин төлөвлөлтөөр баригдсан байруудад олгох хэрэгтэй.

Ингэснээр орон сууц худалдан авч байгаа хүн бүр утааг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой болно. Одоо зээл олгогдож байгаа байрууд хотын төв эсвэл Зайсанд байрладаг. Хичнээн их байр зарагдсан ч утааг бууруулахад нэмэр болохгүй. Үүнийг Монгол Банк, Барилга хот байгуулалтын яам, Хотын захиргаа хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Сайн эр наадамд 3 даваа, найранд 3 дуутай байсан бол одоо цагт байшин гэр нь 1 төө дулаалгатай болсон гэнэ лээ.

За тэр ч яахав. Дарга нар Гүсүнтүгийн мандал өргүүлчихсэн юм чинь гахай жилдээ лав газардахгүй байх тийм үү?
Ганзоригийн Лувсанжамц (2019 оны цагаан сар)

Дараагийн дугаарт утаа, шийдэл 4
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эх сурвалж: 1; 2; 3; 4;

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾